Льюис Хамилтон Бельгийн Гранприд түрүүллээ
2017-08-28

 

Формула 1 ДАШТ-ий зуны амралт дуусч, улирлын сүүлийн хагас албан ёсоор эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бельгийн гранпри Спа авто тойруулагад болж өндөрлөлөө. Бямба гарагт болсон байрлал тогоох уралдаанд Мерседес багийн Их Британи нисгэгч Льюис Хамилтон түрүүлсэн бол араас нь түүний гол өрсөлдөгч Ферраригийн Себастиан Феттель, Мерседес багийн Вальтери Боттас нар орсон юм.

 

Улмаар ням гарагийн үндсэн уралдаанаар энэ байрлалд тун бага өөрчлөлт орсон юм. Формула 1 ДАШТ-нд 200 дахь гранпридаа оролцсон Дэлхийн 3 удаагийн аварга Британи эрийн хувьд уралдааны эхнээс өрсөлдөгчдөө бараг боломж олгосонгүй Бельгийн гранприд түрүүлсэн байна. Өмнө нь хөдөлгүүрийн асуудалтай байсан түүний машин ч ямар нэг асуудалгүй уралдаанаа дуусгасан нь Мерседес багийн зуны амралтын ажлын үр дүнг шууд харуулсан юм. Тэгвэл дэд байранд ДАШТ-ийг тэргүүлэгч Феррари багийн нисгэгч Себастиан Феттель орлоо. Хэдий ялалтын бүтэн оноо авч чадаагүй ч тэрбээр 7.004 км урттай Спа авто тойргуулагыг уралдааны 41 дахь тойрогт  1 мин 46.577 секундын хугацаанд бүтэн тойрч чадсан нь тус авто тойруулагын дээд амжилтаар бүртгэгдсэн юм.

 

Харин Бельгийн гранпригийн 3-р байранд Рэд булл багийн Австрали нисгэгч Даниель Риккардо орсон байна. Уралдааны 6-р байрнаас замд гарсан тэрбээр Ферраригийн Кими Райконен, Мерседесийн Вальтери Боттас нарыг ардаа хийж чадсан байна.

 

Тэгвэл Бельгийн гранприд эхлүүлсэн 20 нисгэгчээс 4 нь барианд орж чадаагүй юм. Саубер багийн Паскаль Вэрлайн 2 дахь тойрогт осолд орж уралдааныг орхисон бол Рэд булл багийн залуу авъяастан Макс Ферстаппен хөдөлгүүрийн асуудалтай тулгарч 7 дахь тойргоос уралдааныг орхижээ. 25 дахь тойрогт мөн өөр нэгэн нисгэгч ижил шалтгаанаас замаас гарсан нь Макларен багийн нисгэгч Фернандо Алонсо байлаа. Харин үндсэн уралдаан дуусахаас ердөө 4 тойргийн өмнө Форс Индиа багийн Серхио Перезын машины хурдны хайрцагт гэмтэл гарч уралдааныг орхисон байна.

 

Ийнхүү бүтэн сар завсарласан Формула нэгийн ДАШТ эргэн ирлээ. Нисгэгчдийн цомын өрсөлдөөнийг Себастиан Феттель 220 оноотой тэргүүлсээр байгаа бол, Льюис Хамилтон түүнд ердөө 7 онооны зөрүүтэй болж ойртон ирээд байна. Харин зохион бүтээгчдийн цомыг 392 оноотой Германы Мерседес баг тэргүүлсэн хэвээрээ байна. ДАШТ-ий дараагийн гранпри 9-р сарын 3ны өдөр Италийн Монца аюто тойруулагад болно.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин