Килиан Мбаппе ПСЖ-д нэгдэхэд ойрхон байна
2017-08-29

 

Энэ жил Европын хөлбөмбөгийн шилдэг багуудын харааг булаасан цөөхөн залуусын тэргүүн эгнээнд Монако клубын довтлогч Килиан Мбаппе бичигдэж байгаа. Өнгөрсөн 6-р сараас хойш олон том багууд түүнд гэрээний санал хүргүүлсэн ч тухай бүртээ татгалзсан хариу сонсож байлаа. Тэгвэл 18 настай Франц залуугийн үнэ зуны солилцооны цонх хаагдахаас хэдэн өдрийн өмнө дээд хэмжээндээ хүрсэн байна. Түүнд өчигдөр Парисийн ПСЖ клубээс татгалзахад тун бэрх санал очсон гэнэ. Ердөө хоёр долоо хоногийн өмнө 222 саяар Нэймарыг эгнээндээ нэгтгэсэн Францын аваргууд энэ удаад Мбаппегийн төлөө 166 сая фунт төлөхөд бэлэн гэдгээ хэлжээ. Ингэхдээ тэд 2017-2018 оны улиралд зээлээр тоглуулаад, ирэх улиралд жинхлэхдээ дээр дурдсан мөнгөө Монако клубын данс руу шилжүүлнэ гэжээ. Яг одоогийн байдлаар хоёр баг хэлэлцээрийн ажлаа үргэлжлүүлж байгаа мэдээтэй байна.

 

Уг гэрээнд мөн нэг том заалт байсан нь цалингийн хэмжээ юм. Энэ жил долоо хоногт 16.000 еврогын цалин авах гэрээтэй байгаа К.Мбаппед тэд долоо хоногийн 320.000 еврогын цалинг мөн санал болгосон гэнэ. Өөрөөр хэлбэл Сүпер одын авдаг хэмжээний цалинг 18 настай залууд амласан байна.  Солилцооны цонх хаагдахад ердөө 4 хоногийн хугацаа үлдээд байхад Монако клуб ийнхүү том наймааны санал авлаа. Харин энэхүү саналд ямар хариу өгөх нь Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлевийн мэдэх хэрэг биз ээ.

 

Сонирхуулахад уг гэрээний санал ирэхтэй зэрэгцэн Монако багтай нэгдэх болсон Монтенирго хөлбөмбөгчин Стеван Йоветич Францын багийн хувцас солих өрөөнд хачирхалтай зураг авхуулжээ. Түүний Монако клубт өмсөх өмсгөлийн дугаар нь 10 байсан юм. Энэ нь Килиан Мбаппегийн дугаар байсан юм. Энэ нь хоёр баг тохиролцоонд хүрснийг илтгэх нэгэн сэжүүр болж байна.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин