Боксчид энэ шөнө хүрэл медалийн төлөө тулалдана
2017-08-29

Германы Хамбург хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй. Тодруулбал 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Рио-2016 Олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар тус тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.

 

Эх орноо төлөөлж явсан манай 4 тамирчинг AIBA.org сайтад онцолсон байна. Учир нь манай дөрвөн тамирчин одоогийн байдлаар бүгд медалийн төлөө тоглох эрхээ халаасласан байгаа. Тус сайтад “Монголын боксчдын шинэ үе төгс амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж, Хамбург хотноо ирсэн баг тамирчид бүгд медалийн төлөө тоглохоор болоод байна” гэжээ.

 

Манай цагаар өчигдөр шөнө тэмцээний дөрөв дэх өдөр үргэлжилсэн юм. Тус өдөр рингэнд Д.Отгондалай, Б.Түвшинбат нар гарч тулалдсан. Ялвал медалийн төлөө тоглох эрхээ авах ёстой тулаанд манай хоёр боксер хоёулаа ялалт байгуулсан юм. Манай ширэн бээлийтнүүдийн медалийн төлөөх тулаан Монголын цагаар 21:00, 01:00 цагийн үед болно.

 

Ялсан нь цааш медалийн өнгөө хувиргах тулаануудыг хийх бөгөөд хагас шигшээгийн тоглолтууд 8 сарын 31-ний шөнийн 00:00 цагаас, 9 сарын 1-нд мөн 00:00 цагаас болно. Хэрвээ зам дардан байж гэмээнэ алтан медалийн төлөөх шигшээ тоглолтууд 09 сарын 02-нд шөнийн 00:00 цагаас явагдах хуваарьтай байгаа юм.

 

49 кг-д хүч үзэж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаандаа Рио-2016 Олимпийн мөнгөн медальт Колумбийн тамирчин Мартинес Ривас Юрбергентэй учраа таараад байгаа. Манай тамирчин эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Турк улсын тамирчин Унлу Мухаммедтай учраа таарч гурван үе илт илүүрхэж ялсан юм.

 

 

60 кг-д өрсөлдөж байгаа МУГТ Д.Отгондалайн хувьд хагас шигшээд шалгарах тулаанаа Венесуэлийн боксчин Луис Кабрерагийн эсрэг хийнэ. Манай тамирчин мөн л эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо өрсөлдөгчөө 5:0 буюу илт илүүрхэж ялсан юм.

 

 

64 кг-д Монгол улсын өмнөөс тулалдаж байгаа ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Унгарын Ковач Ричардыг буулган авсан. Тэгвэл хүрэл медалийн төлөө тэрбээр ЕАШТ-ий аварга, Армяны ширэн бээлийтэн Ховханис Бочкавтай тулалдана.

 

 

69 кг-д хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат өчигдөр хүндхэн тулаанаас ялалт авсан бол хүрэл медалийн төлөөх тулаандаа ХБНГУлсын тамирчин Абасс Бараутай учраа таараад байгаа юм. Манай тамирчин  эхний тойрогтоо Польш, хоёрдугаар тойрогтоо ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны боксчин Багиров Парвизийг ялсан юм.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
bid:
Bolj ogvol shar ongotei medal avchraarai amjilt
2017-08-29
olimpicboxing.mn:
boxing2017.com сайтаар шууд үзнэ
2017-08-29
mgl:
sain ba.. 4-uulee medalitai ireerei zaluusaa.. amjilt
2017-08-29