Азаиа Томас гэмтлийнхээ талаар ам нээлээ
2017-08-30

Энэ зуны хамгийн дуулиантай наймаануудын нэг нь хэдхэн хоногийн өмнө боллоо. Бостон Сэлтикс бүх од холбон тоглогч Азаиа Томасыг Жэй Краудэр, Антэ Зизич, ирэх жилийн драфтын нэгдүгээр тойргийн эрхийн хамт явуулж оронд нь Кливлэнд Кавалерсийн холбон тоглогч Кайри Өрвингийг багтаа авсан юм. Гэхдээ наймаа эцсийн байдлаар баталгаажаагүй хэсэг удлаа. Шалтгаан нь Томасын ташааны гэмтлийг ноцтой гэмтэл байж болзошгүй гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой.

 

 

Уг гэмтлийг Азаиа Томас өнгөрсөн плэй оффын үеэр авсан бөгөөд тэр үеийн оношоор мэс ажилбар шаардлагагүй гэж үзсэн. Улмаар энэ сарын эхэнд түүнийг 9 дүгээр сарын эхний хагаст дахин шинжилгээнд ороод талбайд гарч болох эсэхийг тогтооно гэж байлаа. Бостонгийн эмч нарын үзэж байгаагаар түүний гэмтэл илааршиж байгаа юм. Харин Кливлэндийн эмч нар түүнийг ойрын хугацаанд талбайд гарахгүй байж болзошгүй гэж мэдэгдсэн. Эндээс хүн болгон төөрөгдөлд ороод байлаа. Бостон гэмтэлтэй тоглогчоо явуулж залилах гэж байна, эсвэл Кливлэнд ноцтой биш гэмтэл дээр албаар тоглолт хийж илүү зүйл авахыг зорьж байна гэх мэтээр дуусашгүй яриа цуварсан.

 

Тэгвэл энэ гэмтлийн талаар Азаиа Томас өөрөө “Надад эмч нар удахгүй талбайд гарч болно гэж хэлсэн. Тэд надаас ч ноцтой ташааны гэмтэлтэй тоглогчид өндөр түвшинд тоглож чаддаг гэсэн.  Мөн намайг илааршиж байгааг хүлээн зөвшөөрөөд удахгүй талбайд гарч болно гэсэн. Тодруулбал хүн болгоны хүсч байгаа шиг улирлын нээлт гэхэд намайг талбайд гарна гэсэн. Яг хуучин тоглолттойгоо би буцаж ирнэ. Эмч нар ч тэгж хэлсэн, би ч өөрөө үүнд итгэлтэй байна” гэжээ.

 

Лигийн хамгийн баттай эх сурвалжуудын нэг Адриан Вожнаровскин үзэж байгаагаар энэ наймаа удахгүй баталгаажих төлөвтэй байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин