Будапешт-2017: Б.Мөнгөнчимэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2017-09-01

Унгар улсын Будапешт хотод нээлээ хийсэн Жүдо бөхийн ДАШТ эд дундаа үргэлжилж байна. Дунай мөрний эрэг дээр зохиогдож байгаа тус тэмцээнд Дэлхийн 126 орны 731 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр хуваарь ёсоор 2 жингийн барилдаан болсон нь эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд байлаа. Эдгээр жингүүдэд Европ тивийн бөхчүүд тун сайн барилдсан бөгөөд Герман, Францын баг тамирчид эхний алтан медалиа хүртжээ.

 

ОУХМ О.Ууганбаатар 5-р байранд оров

 

 

Эрэгтэй -81кг жинд манай улсаас ОУХМ О.Ууганбаатар барилдлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчин Ли Жае Хьюнтэй барилдсан байна. Уг барилдааныг О.Ууганбаатар ердөө 1 минут 41 секундэд багтан дуусгаж, цэвэр ялалтыг авсан байна. Харин дараагийн шатанд тэрбээр Молдавын бөх Дорин Готоноагатай таарч хоёр вазари үнэлгээгээр буулган авсан юм.

 

Тэгвэл 1/8 шигшээд тэрбээр Болгарын Ивайло Ивановтой таарсан байна. 23 настай Болгар залуугын хувьд өнгөрсөн жил ЕАШТ-ээс хүрэл медаль хүртснээс гадна, сүүлийн 3 жилийн хугацаанд Баку, Абу Даби, Дюссельдорфын гранпри тэмцээнүүдээс медаль хүртээд байгаа шилдэг тамирчин юм. Хоёр тамирчны барилдаан эн тэнцүү, өрсөлдөөнтэй үргэлжилж, нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд О.Ууганбаатар торгуулиар ялалт байгуулж, ¼ шигшээд өрсөлдөх эрхтэй болсон юм.

 

Хэсгийн аваргын төлөө харин түүнтэй Италийн Маттео Маркончини таарч барилдлаа. Өнгөрсөн жил Олимпийн 5-р байранд орж байсан Итали эр энэ жил бэлтгэл сайтай байгаа нь илт мэдрэгдэж байсан бөгөөд цэвэр ялалтыг авсан байна. Ийнхүү О.Ууганбаатар дагах барилдаан хийхээр болсон юм.

 

Ингээд О.Ууганбаатар дагах барилдааныг Нидерландын Франк де Виттэй хийж боолтоор цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Тэрбээр сүүлийн барилдаанаа Рио2016 Олимпийн аварга ОХУ-ын Хасан Халмурзаевийн эсрэг хийсэн юм. О.Ууганбаатар барилдааны эхлэлийг сайн хийж вазари үнэлгээ авсан ч Оросын шилдэг тамирчин үлдсэн хугацаанд 2 вазари үнэлгээ авч чадснаар хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр ОУХМ О.Ууганбаатар энэ жилийн ДАШТ-ийг 5-р байранд өндөрлүүлсэн байна.

 

ОХУМ Б.Мөнгөнчимэг ДАШТ-с хүрэл медаль хүртлээ

 

 

Харин эмэгтэй -63кг жинд манай улсаас 2 тамирчин зодоглолоо. ОУХМ Б.Ганхайч нэгдүгээр тойрогт Киргизстаны тамирчин Момунова Мееримтэй оноолт таарч цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт БНСУ-ын Хан Хэ Жутай таарч мөн цэвэр ялалтаар мулталжээ. Харин 1/8 шигшээд тэрбээр Их Британийн тамирчин Эми Ливсэйд вазари үнэлгээгээр ялагдснаар ДАШТ-ээ өндөрлүүлсэн байна.   

 

Тэгвэл энэ жинд зодоглосон ОУХМ Б.Мөнгөнчимэг одтой сайхан барилдаж хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Тэрбээр эхний шатанд Энэтхэгийн Сунибала Хуидром, хоёрдугаар шатанд Финляндын Эмиля Канерва нарыг дараалан цэвэр ялсан. Цаашлаад 1/8 шигшээд Францын Марго Пинотой таарч барилдсан байна. Энэ жил ЕАШТ-с мөнгөн медаль хүртсэн Франц бүсгүйг тэрбээр вазари үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө түүний нутаг нэгт Кларрис Агбеньенутай барилдах эрхтэй болжээ.

 

Олимпийн мөнгөн медаль, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтайгаас гадна Европ тивийн хошой аварга Франц бүсгүй энэ жингийн фаворит тамирчдийн нэг байлаа. ОУХМ Б.Мөнгөнчимэгийн хувьд энэ барилдаан тун хүнд болж цэвэр ялагдснаар дагах барилдааны хийсэн юм. Харин түүнийг ялсан Франц бүсгүй Дэлхийн хошой аварга болж чадсан билээ.

 

ОУХМ Б.Мөнгөнчимэг дагах барилдаанд Бразилийн Кетлин Куадросыг даралтаар ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авсан юм. Харин хүрэл медалийн төлөө түүнтэй Хятадын Ян Жуншиа барилдсан байна. Б.Мөнгөнчимэг өмнө нь түүнтэй 4 удаа таарч барилдахад 3 удаа ялагдаад байсан. Харин хариуцлагатай барилдааныг манай бөх тун сайн хийц цэвэр ялалтыг авснаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. “Женко” клубын тамирчин ийнхүү Монгол баг тамирчдийн 5 дахь медалийг авчирч, нэг ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн дээд амжилтыг дахин нэг шат ахиулжээ.

 

Өнөөдөр ДАШТ-ий эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг,-78кг жингийн барилдаанууд болно. Эдгээр жинд манай улсаас ОУХМ Г.Алтанбагана (-90 кг) , ОУХМ Ц.Наранжаргал (-70кг) нар зодоглох юм. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин