Будапешт -2017: Өнөөдөр Н.Түвшинбаяр барилдана
2017-09-02

Унгар улсад эхэлсэн Жүдо бөхийн ДАШТ өчигдөр 5 дахь өдрөө үргэлжилж гурван жингийн ялагч тодорлоо. Эдгээр нь эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг,-78кг жингийн барилдаанууд байсан юм. Энэ өдөр манай улсаас 2 тамирчин барилдсан бөгөөд эрэгтэй -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана, эмэгтэй -70кг жинд ОУХМ Ц.Наранжаргал нар зодоглосон байна.

 

Ц.Наранжаргалын хувьд ДАШТ удаан үргэлжилсэнгүй. Тэрбээр эхний шатанд Канадын бөх Келита Купанчичтай оноолт таарч ялагдал хүлээснээр шууд үзэгчдийн суудалд шилжсэн байна. Түүний ялсан 27 настай Канадын тамирчны хувьд тивийнхээ АШТ-д гурван удаа түрүүлснээс гадан, Пан Америкийн наадамд мөн түрүүлж байсан туршлагатай жүдоч билээ. 

 

ОУХМ Г.Алтанбагана 7-р байранд орлоо

 

 

 Тэгвэл эрэгтэйчүүдийн -90кг жинд өрсөлдсөн Г.Алтанбагана тэмцээний эхлэлийг тун сайн хийсэн. Энэ жил Анталягын гранприд түрүүлснээс гадна, Хөх хотын гранпригээс хүрэл медаль хүртсэн Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин тэрбээр 2 тойрогт Белорусийн бөх Яхор Варапаевтой барилдаж вазари үнэлгээгээр ялсан юм.

 

Улмаар 3-р шатанд  Швейцарийн Кирил Гроссклаустай барилдахаар болсон байна. Өнгөрсөн онд Рио-2016 Олимпийн наадамд зодоглосон Швейцарь залуу манай бөхтэй тун хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд  нэмэлт цагт шийдэгдсэн барилдаанд Г.Алтанбагана торгуулиар ялалт байгуулжээ.

 

Ингээд тэрбээр 1/8 шигшээд Германы Давид Текичтэй барилдсан байна. Өмнөх шатанд хүч шавхсан барилдаан хийсэн ч тэрбээр өрсөлдөгчөө 2минут 44 секундын хугацаанд цэвэр ялж бүсийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.

 

Харин ¼ шигшээд түүнтэй Сербийн Александар Куколь барилдсан юм. Энэ жил Польшийн Варшав хотод болсон ЕАШТ-ээс алтан медаль хүртсэн Серби залуу энэ барилдаанд вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аварга болсон бол манай бөх торгуулийн тойрогт барилдах болжээ.

 

Тэрбээр дагах барилдаанд Рио-2016 Олимпийн хүрэл медальт, 2015 оны Дэлхийн аварга БНСУ-ын Гвак Дон Хантай таарсан. Улмаар уг барилдаанд Солонгос эр хоёр вазари үнэлгээгээр ялсан бол ОУХМ Г.Алтанбагана энэ жилийн ДАШТ-ийг 7-р байранд өндөрлүүлсэн юм.   

 

 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг жингийн барилдаанууд болно. Эдгээр жинд манай улсаас Л.Отгонбаатар (-100кг), МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр (+100), ОУХМ Б.Мөнхтуяа (+78) нар зодоглох юм.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зурагтаар ч тамирчидаа үнэгүй үзэх эрхгүй бидний Монголчууд туйлын өрөвдөлтэй. SPS д мөнгө төлж байж үзэж болно . Төлөхгүй бол үзэх мэдээлэл авах эрхгүй ардчилсан нийгэм. Нэг даргын халаасанд мөнгө орж бвал ард түмэн хамаагүй бололтой.
2017-09-02
Зочин:
usertelne shideed uguu bugded amjilt
2017-09-02
Зочин:
дүүрэнбаяр нөгөө муухай теди баавгайтай хүч үзэх нь ээ
2017-09-02
Zochin:
ZA avragadaa bolon zaluustaa amjilt husye!
2017-09-02
фен:
Аврага аврагаараа байдаг .Түвшээ дэлхийгээс нэг медаль авчихвал зодог тайлах хэрэгтэй.
2017-09-02