“The Big3” лигийг шүүхэд өглөө
2017-09-06

 

Сагсан бөмбөгийн “The Big3” буюу НБА-д тоглож байгаад зодог тайлсан тоглогчид болон олны танил хүмүүс өөрсдийн найз нөхдөөр баг бүрдүүлж өрсөлдсөн лигийн улирал дуусаад хэдхэн хонож байгаа билээ. Аллэн Айвэрсон, Жэйсон Уиллиамс нарын зодог тайлсан оддыг нэгтгэж чадсан уг лиг өдөрт дунджаар 11000 үзэгчтэй байсан гэсэн судалгаа гарсан. Уг лигийг санаачлагч, рэппэр Ice Cube-ийн хувьд бүх зүйл хангалттай сайн байсан гэсэн үг.

 

Гэхдээ саяхан түүний нэр дээр шүүхэд гомдол ирсэн байна. Америкийн CBL лигийн зүгээс энэ гомдол иржээ. Уг гомдол нь санаа хулгайлсан гэсэн үндэслэлтэй байсан юм. CBL лигийн үүсгэн байгуулагч Карл Жоржийн мэдэгдэж байгаагаар “The Big3” лигийн үүсгэн байгуулагч Оши Жэксон буюу “Ice Cube” болон үүсгэн байгуулагчдын нэг болох Жэфф Кватинэтц нар нь түүний санааг хулгайлахын тулд 2014 оноос түүнтэй дотноссон гэжээ.

 

Харин энэ талаар “The Big3” лигийн зүгээс одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл өгөөгүй байна. Гэхдээ уг хэрэг дээр шүүхэд хандаад байгаа CBL нь 2017 онд лигийн хүрээний нэг ч албан ёсны тоглолт зохион байгуулаагүй байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин