Улаанбаатар
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн сургамжийг хэлэлцлээ
2017-9-7

Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

 

 

“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09:00-18:00 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны Хурлын танхимд болж байна. Хуралд Монгол Улс, ОХУ, Япон Улс, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

 

Хурлын нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хурлын нээлтэд хэлсэн үгэндээ:

 

“Эрхэмсэг ноёд хатагтай нар аа,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын болон гадаадын эрдэмтэн судлаачид аа,

 

Туулсан түүхийнхээ хар хуудсыг харц дальдралгүй эгцлэн харж, сургамж авч чадах эсэхээр аливаа төр, ард түмний ухааны царааг хэмжиж болох билээ. Ихийг үзэж туулсан хүн төрөлхтөний түүхэнд ч ховор Монголын ард түмний эмгэнэл харууслын туйл болсон их хэлмэгдүүлэл ард түмнийхээ хамгийн оюунлаг, шилдэг нийгмийн давхрааг үгүй хийсэн цуст яргаллаас хойш 80 жил өнгөрчээ. Гэвч 80 жилийн салхи бороо ард түмний ой дурсамжаас энэхүү аймшигт он жилүүдийг угааж, баллуурдаж чадсангүй. Учир нь энэхүү хэлмэгдүүллийг дахин бүү давтагдаасай гэсэндээ төрд, ард иргэдэд, олон улсад ямагт сануулж байдаг шилдэг оюунт эрдэмтэн мэргэд байсаар ирсэн юм. Өнөөдөр ч гэсэн Монголын Улсын маань болон гадаадын олон эрдэмтэн судлаачид энэ бодит шалтгаанаар хуран цуглараад байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Хэлмэгдүүллийг зүгээр л нэг болоод өнгөрсөн үзэгдэл төдийхөн биш, хэлмэгдэл гээч ойлголтыг ёзоор мөн чанараар нь судлан илрүүлэх, хэсэг бусаг хүмүүсийг цагаатгаж, нөхөн олговор олгох төдийгөөр ам таглаж аргацаах төдий биш, цаг хугацааны болон үйл явдлын өргөн цар хүрээнд шинжлэн, улс төрийн дүгнэлт гаргах эр зоригийг өнөө цагийн Монголын төрөөс ард иргэд маань шахаж шаардаж байна. Энэ бол цаг үеэ олсон хождуулж болохгүй захиалга юм. Тийм ч учраас их хэлмэгдүүллийн сэдэв эрдэмтэн судлаач Та бүгдээс улам олон шинэ баримт, түүн дээр үндэслэсэн баталгаа нотолгоог ар араасаа нэхэж байна. Монголынхоо төр улсын заяаг атгаж ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалт төрийн бодлогыг их хэлмэгдүүллийн гүн хар ангалаас өнөө үе рүү татан авч, сэлбэн сэргээж, нөхөн тордож, уламжлуулан хөгжүүлж байж Монгол Улс хөгжлийнхөө зөв голдрилд орно. Энэ нь та бүгдийн судалгаа шинжилгээний нөр их хөдөлмөрөөс хамаарах нь гарцаагүй. Хэлмэгдүүлэл гээч хувирамхай, олон нүүртэй, зальхай харгис, гэмт үйлдлийг танин мэдэж, хор хохирлыг нь бүрэн гүйцэд тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрүүлж байж хэлмэгдүүлэл дахин давтагдахаас бид сэргэмжилж чадна.

 

Үндэсний язгуур эрх ашгаа дээдлэх, ард түмнээ намч үзэл суртлаар талцуулахгүй, эв нэгдлээ сахин хамгаалах үзэл санаа, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөрийн зорилготой эрдэмтэн та бүгдийн хүмүүнлэгийн энэ үйлс ч яв цав нийцэж байгаа юм.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин