Монголд осол, гэмтлээс сэргийлэх тогтолцоо алга
2017-09-18

Ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин нь ажилчид болон тэдний гэр бүлийн хувьд хүнд цохилт болдог. Манай улсад энэ төрлийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн тохиолдолд сэргээн засах үйлчилгээ дутмаг байдаг. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн одоо мөрдөж байгаа “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийг өөрчлөх шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хуулийн төсөлд тусгах нэмэлт өөрчлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс ХНХЯ-ны мэргэжилтнүүд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид болон гадаадын мэргэжилтнүүдийн дунд өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад оролцогчдын зүгээс ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах, үйлдвэрийн осолд өртсөн ажилчдын хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхэд анхаарах шаардлагатай гэсэн нэгдсэн байр сууртай байгаагаа илэрхийлэв.

 

Полкер Дидиер: Монголд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо алга

 

Уулзалтын үеэр Германы албан журмын ослын даатгалын төлөөлөгч Полкер Дидиерээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийг өөрчлөхөөр манай улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа. Хуульд өөрчлөх зүйл олон байна уу?

 

-Бид зургаан жил хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл Европын холбооноос санхүүжиж байгаа. Монголд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын системээр нэгдсэн үйлчилгээ л үзүүлж байна. Гэтэл барууны оронд энэ чиглэлд цогц үйлчилгээ үзүүлдэг. Бидний гол зорилго энэ цогц үйлчилгээг Монголд хөгжүүлэх. Европын холбоо нь энэ цогц системийг хөгжүүлэхээр хамгийн өндөр төвшинд Монгол Улстай хамтран ажиллаж байна. Уул уурхай хөгжихийн хэрээр үйлдвэрлэл хөгждөг. Энэ том өөрчлөлтөд өртөж буй Монгол Улс нийгмийн даатгалын системдээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тогтолцоог маш нарийн тусгаж, асуудал үүсвэл тэр бүхнийг хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй.

Үйлдвэрлэл хөжих нь улс ороны хөгжилд нөлөөлнө. Гэхдээ үйлдвэрлэлээс үүсэх осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо Монголд алга. Осол, аваар нэмэгдэх нь хөгжлийг доош нь татдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын систем нь энэ бүхнээс урьдчилан сэргийлдэг байх ёстой.

 

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэмтлээс сэргийлэх өөрийн орны туршлагаас хуваалцахгүй юу?

 

 -Манай улс урьдчилан сэргийлэхэд ач холбогдол өгдөг. Товчхондоо гурван “E”-гийн зарчим баримталдаг. Нэгдүгээрт, инженерийн зарчим. Энэ нь аливаа үйлдвэр байгуулахдаа хүнд аюулгүй байхыг бодолцдог. Хоёрдугаарт, тэнд ажиллаж байгаа бүх хүнд гэмтлээс урьдчилан сэргийлэх боловсрол өгдөг. Гуравдугаарт, ажлын байрны дүрэм журам, хуулийг сахиулдаг. Хөдөлмөр хяналтын байцаагчид хуулинд тогтмол хяналт тавьдаг. Хяналт тавихдаа ажил олгогч, ажилчдыг айлгадаг биш, зөвлөх шиг нь байдаг.

Ц.Ганцэцэг: Үйлдвэрлэлийн осол, гэмтлийн сангаас тэтгэвэр авдаг бүлэг хүмүүс бий

 

ЭМЯ-ны Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс манай улсад энэ төрлийн даатгал ямар байгааг тодрууллаа.

 

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэмтлийн даатгал манайд ямар төвшинд байна вэ?

 

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэмтлийн даатгал нь нийгмийн даатгалын нэг төрөл. Герман мэргэжилтний хэлж буйгаар барууны оронд энэ төрлийн даатгалын албан журмаар даатгуулсан сан байдаг юм байна. Манай улс олон улсын энэ жишигт нэлээд ойр байдаг. Яагаад гэвэл манайд албан журмаар даатгуулах хууль эрх зүйн орчин бий. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалаас ялгаатай нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэмтлийн даатгалыг ажил олгогч дангаараа төлдөг. Энэ бүхэн олон улсын жишгээр явж байна. Харин шимтгэлийн хэмжээний хувьд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын чиглэлээс хамаараад гурван төрөл байдаг. Ердийн болон төрийн байгууллагын хувьд цалингийнхаа 0.8 хувийг төлдөг. Барилгын засвар үйлчилгээ зэрэг чиглэл нь 1.8 хувийг, уул уурхай, ашигт малтмал зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарын 2.8 хувийг ажил олгогч төлдөг. 

 

-Энэ төрлийн даатгалын системийг сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

 

-Хуулинд зааснаар даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газар тогтоодог. “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага байгаа орчноо сайжруулах шаардлагатай байна. 2018 оны хуулинд өөрчлөлт оруулж урьдчилан сэрийглэх чиглэлээр тодорхой заалт нэмж байгаа. Мөн нэгэнт осолд өртсөн тохиолдолд сэргээн засах чиглэлд анхаарах, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг энэ сангаас хариуцах ёстой. Мөн ажил олгогчдод хариуцлагын даатгал гэж бий болгох хэрэгтэйг гаднын мэргэжилтнүүд зөвлөж байна. Сэргээн засах үйлчилгээ явуулдаг сувиллуудад сонгон шалгаруулалт явуулж үйлдвэрлэлийн гэмтэл, ажил мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдсөн хүмүүст даатгалаар тэгш үйлчилж байна.

 

-Шинэчилсэн хууль хэзээнээс хэрэгжих вэ?

 

-“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хууль 1994 оноос хэрэгжиж байгаа. Шинэчилсэн хуулийг Засгийн газрын намрын чуулганд өргөн барина. Тэндээс хэзээ хэрэгжих нь тодорхой болох байх.  

 

-Манай улсад жилд үйлдвэрийн ослын хэчнээн тохиолдол гардаг вэ

 

-Статистикаас харахад үйлдвэрлэлийн осолд өртөж буй хүний тоо нэмэгдэх нь бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн сангаас тэтгэвэр авдаг бүлэг хүмүүс бий. Энэ нь сэргээн засах, эмчлэх, эргээд ажилд нь авах бодлого манайд хэрэгтэй байгааг илтгэдэг. 2016 оны байдлаар манайд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалсан өвчнөөр 1000 орчим хүн бүртгэгдсэн байдаг. Тиймээс Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа эргэн харах хэрэгтэй байгаа.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
манайд ер нь зөв зохистой , болж бүтэж байгаа юм гэж байгаа юм уу ?
2017-09-18