“ОДДЫН АКАДЕМИ”-ийн шинэ элсэлт тун удахгүй
2017-09-19

 

Телевизийн салбарт бас нэгэн шинэхэн төсөл мэндлэх гэж байна. Энэ бол шинэ дуучин бэлтгэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг. “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид 2017-2018 онд олон шинэ контент нийлүүлэхээр зэхэж байгаагийн нэг нь энэ юм. Шинэ дүр төрх, өнгө аяс, дахин давтагдашгүй хэмнэл, сонирхол татам үйл явдлуудаар дүүрэн “Оддын академи” шоу нэвтрүүлэгт өөрийгөө сорьж үзэхийг хүсч буй таны “Яагаад” гэсэн асуултад хариулт өгье. 

 

Мөрөөдлөө биелүүлэх боломж

 

Хүн бүрийн дотор биелүүлж чадаагүй, нөхөж гүйцээхийг хүссэн нууцхан мөрөөдөл бий. Бага насны дурдатгал дунд тодоос тод зурагдаж үлдсэн тэр мөрөөдлөө бодит болгож, өөрийнхөө шинэ дүр төрхийг нээж харахыг хүссэн хэн бүхний зорьж очих тайз бол “Оддын академи”. Та дуулах хүслээ хэн нэгнээс нууж яваа юм биш биз? Микрофон бариад тайзан дээр гарахыг хүссэн ч өөртөө итгэх итгэлгүйгээс зориглож чадахгүй байна уу? Энэ бүх бэрхшээлээс суллагдаж цор ганц өөрийнхөөрөө байж чадах цоо шинэ тайзан дээр гарах боломжийг танд олгож байна. Энэ бол энгийн нэг тайз биш таны мөрөөдлийг биелүүлэх дэлхийн тайз.

 

Шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж

 

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид дэлхийн хэмжээний олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Албан ёсны эрхтэй контент бүтээж байгаа учир деталь бүр форматын дагуу хийгддэг учиртай. Тийм ч учраас төсөл бүрт хамтарч ажиллаж байгаа мэргэжилтэн, байгууллага, продюсерууд хамгийн туршлагатай, шинийг эрэлхийлэгч, оролцогчдын карьерийг нээж өгч чадахуйц чадварлаг баг байдгийг дурдах хэрэгтэй юм. Хэчнээн сайн дуулдаг байсан ч маркетинг, продюсерийн ажиллагаа дутагдвал амжилтад хүрэхэд бэрх. Тиймээс салбартаа удаан ажилласан туршлагатай, өөрсдийн карьер, амжилтаа бүтээж чадсан баг, уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжийг “Оддын академи” шоу олгох болно.

 

Бодит шагнал

 

“Яг түүн шиг”, “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгүүдээр жишээлж үзвэл, нэвтрүүлгийн ялагчид уран бүтээлчдийн зүгээс амласан шагналуудыг тухайн мөчид гардан авсан бөгөөд дээрх шоунд амжилттай оролцсон олон уран бүтээлч өөрсдийнхөө карьерийг шинээр эхлүүлсэн эсвэл ямар дүр төрхтэйгээр эргэн ирэх ёстойгоо ойлгосон, цаашид ямар чиглэлээр уран бүтээлээ туурвих хэрэгтэйгээ мэдэрсэн гээд хувь хүн бүрт шинэ ололтыг бэлэглэж байв. “Оддын академи” шоу ч мөн дуучин болох хүсэлтэй хүн бүрт итгэл бэлэглэж амжилтын гараагаа эхлүүлэх хангалттай боломж бүхий шагналуудыг амлаж байна.

 

Шударга өрсөлдөөн дунд хөгжих боломж

 

Хүн өөрөөсөө илүү чадвартай хэн нэгнийг харж түүгээр хурцлагдаж байдаг. Өөрт байхгүй чадварыг бусдаас олж харах, өөрт байгаа давуу талаа боломж болгон ашиглах. Энэ чадварыг хөгжүүлэх нь тэдний бас нэгэн зорилго. Үе тэнгийн магадгүй өөрөөсөө дүү хүнтэй эн тэнцүү өрсөлдөх боломж ч гарч ирж болох юм. Алхам бүртээ шинийг сурч, магтаал шүүмжлэлийг дааж сурах бас нэгэн боломж бол “Оддын академи”.

 

Урлагийн хүн болно   

 

Дуучин хүн зөвхөн дуулаад зогсохгүй өөр олон чадварыг өөртөө нээх хэрэгтэй. Бүжиглэ, хөгжим тогло, нүүрээ будаж, имижээ бүрдүүлж сур, өндөр өсгийт дээр алхаж, хэвлэлийнхэнд хэн гэдгээ харуулах чадвартай бай гээд олон зүйлийг таниас шаардана. Гэхдээ “Оддын академи” энэ бүхнийг нэг дор сурах боломжийг олгоно. Микрофон зөв барьж, нотоо зөв бичихээс эхлээд бүхий л зүйлийг энд заах юм.

 

“Оддын академи”-ийн шинэ элсэлт тун удахгүй  

 

“X Factor”, “American Idol” шоунуудыг үзэж суухдаа ингээд л мөрөөдлөө биелүүлчих юмсан гэж төсөөлж байсан бол энэ бүхнийг бодит болгох цаг ирлээ. Хамгийн туршлагатай баг хамт олон, өндөр боломж бүхий шагналын сан, амжилттай карьерийг амлаж чадах энэхүү шоу нь дэлхийн хэмжээний албан ёсны форматтай шоу учир хэн бүхний шинэ амжилт, шинэ эхлэлийг авч ирэх том боломж билээ.

 

“Оддын академи” шоу нэвтрүүлгийн бүртгэл тун удахгүй...

 

Shuud.mn
Сонин хачин