Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ
2017-09-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шийдвэрийг МҮЭХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх хэсгийн биелэлтийг шаардаж гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн МҮЭ-ийн холбооноос Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

 

 “Он гарсаар байгуулсан хамтын хэлэлцээрийнхээ биелэлтийг Засгийн газар хангахгүй байна” гэж үзсэний улмаас ийм шийдэлд хүрснээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тодотголоо. Хамтын тэмцлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, хамтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, бүх түвшинд эв нэгдэл хамтын ажиллагааг хангаж ажиллахаар ҮЭ-ийн нийт гишүүн байгууллагууд нэгдээд байна.

 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт зааснаар Хөдөлмөрийн маргааныг дараах байдлаар зохицуулдаг байна. Хөдөлмөрийн хамтын маргааныг Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад санал зөрүүтэй асуудлаар, мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж үүсгэх эрхийг зөвхөн ажилтны төлөөлөгчид эдэлнэ. Шаардлагыг гэрээ, хэлэлцээрт оролцогч нэг тал нь нөгөө талд болон хувийг тухайн шатны Засаг даргад хүргүүлснээр шаардлага авсан тал ажлын гурван өдрийн дотор хариуг нөгөө талд бичгээр хариу өгөх ёстой. Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагч урьж оролцуулах, хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх, ажил хаях гэсэн шат дараалсан арга замаар шийдвэрлүүлнэ.

 

 Энэ шатуудыг заавал дамжих ёстой бөгөөд зуучлагч, арбитраар маргаанаа шийдвэрлүүлэлгүйгээр шууд ажил хаяхыг хориглодог байна. Ажилтны төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг нөгөө тал хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, эсхүл ажилтны төлөөлөгчид нөгөө талаас өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулна.

 

 Талууд зуучлагчийг тохиролцон сонгох ба ажлын гурван өдөрт тохиролцоонд хүрээгүй бол талууд тухайн сум, дүүргийн Засаг даргад хандаж зуучлагч томилуулах тухай хүсэлт тавина. Сум, дүүргийн Засаг дарга зуучлагчийг ажлын гурван өдөрт багтааж томилно. Талууд зуучлагч урьснаас хойш ажлын тав хүртэл өдрийн дотор түүний оролцоотойгоор маргааныг хянан хэлэлцэх бөгөөд харилцан тохиролцсон шийдвэрийг бичгээр гаргаснаар буюу санал зөрүүтэй хэвээр байгаа тухай тэмдэглэж үлдээснээр уг үйл ажиллагаа дуусна.

 

 Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга ажлын гурван өдөрт багтаан хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилно. Хөдөлмөрийн арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын тав хүртэл өдрийн дотор хөдөлмөрийн хамтын маргааныг талуудын төлөөлөгчдийг оролцуулан хянан хэлэлцэж зөвлөмж гаргана. Зуучлагч болон арбитраар хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх үе шатыг эвлэрүүлэх үе шат гэж нэрлэнэ. Нөгөө тал эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй, хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч гаргасан шийдвэрээ биелүүлээгүй, хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн боловч түүний зөвлөмжийг хүлээн авч шийдвэр гаргаагүй тохиолдолд ажил хаях эрх үүснэ. Ажилтан тухайн ажил хаялтанд сайн дураар оролцоно.

 

Ажил хаялтыг удирдах этгээд ажил хаялт эхлэхээс ажлын тав, түүнээс дээш өдрийн өмнө ажил хаях тухай шийдвэрийг нөгөө талд хүргүүлэх үүрэгтэй. Ажил хаялтын явцад ажил олгогч ажилтны шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтын эсрэг арга хэмжээ болгон ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг тэдний хувьд түр хааж (локаут) болно. Ажил хаялтад оролцогчдын ажлын байранд ажилтан түр ажиллуулахгүй байх зорилгоор ажилтны төлөөлөгчид нь аж ахуйн нэгж, байгууллагыг түр хааж /пикет/ болно. Талууд хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэсэн тухай тохиролцоонд гарын үсэг зурснаар буюу ажил хаялтыг хууль бус гэж тооцсоноор ажил хаялт дуусгавар болно.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Shine zasgiin gazar baiguulahaar asuudlaa shiidej bolohgui bsan yum bolov uu. Ogtsorson zasgiin gazar shiidver gargahguig ene humuus medej l bh yostoi. Yamar bid shig humuus baimaargui yum. Namrin ajil uvuljiltiin beltgel gej olon l ajil bhin. Bagsh nar ch gesen tsalingaa golood ardin ur huuhdig surgah talaar bodmoor l bgaa yum daa
2017-09-21
зочин:
МҮЭ гэж энэ байгууллагын учрыг ойлгохгүй юм. Бусдын нэр барьж хүчирхийлэлд уриалсан жагсаал цуглаанаар айлгасан хэдэн нөхдүүд л байх. Болимоор юм.
2017-09-20