Барселона клубын хүндэт зочин
2017-09-25

 

АНУ-ын домогт тамирчин, жүжигчин Арнольд Шварценеггер өнгөрсөн бямба гарагт Испанийн Барселона хотод очжээ. Учир нь тэрбээр жил бүр Европ тивд зохион байгуулдаг Арнольд Классик тэмцээнээ энэ жил Барселона хотод хийх гэж байгаа юм. Тэгвэл А. Шварценеггер өнгөрсөн бямба гарагт Дэлхийн хамгийн алдартай багуудын нэг Барселона клубын музейд зочилсон байна.   

 

Түүнийг музейд хүрэлцэн ирэхэд клубын удирдах зөвлөлийн гишүүн Хосеп Рамон Видаль-Абарка хүлээн авч уулзсан бөгөөд аялалын туршид түүнтэй хамт байжээ. Улмаар тэрбээр нэрт жүжигчинд зориулан хийлгэсэн өмсгөлийг бэлэглэсэн байна.

 

Арнольд Шварценеггерийн хувьд Барелона клубт өмнө нь мөн зочилж байсан удаатай. Одоогоос нэг жилийн өмнө тэрбээр багийн бэлтгэл дээр очиж, зарим тоглогчидтой зургаа авахуулж байсан аж.

 

Музейн аяллын үеэр Арнольд Шварценеггер “Барселона баг бол гайхалтай түүхтэй. Тэд ер бусын тоглолттой баг. Камп Ноуд маш олон авъяаслаг тоглогчид байна. Тэдний бүх цом, гайхалтай ялалтын дүрс бичлэгийг үзэх нь үнэхээр сайхан байлаа” гэжээ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин