Трампыг твиттерээс “хасах” боломжгүй
2017-09-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттерийн идэвхтэй жиргээчдийн нэг билээ.

 

 

Гэхдээ тэрбээр сүүлийн үед дайсагнасан харилцаатай байгаа Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг санаатай өдөөн турхирсан болон гутаан доромжилсон өнгө аястай жиргээнүүдийг твиттер хуудастаа нийтлэх болсон.

 

Трамп өнгөрөгч долоо хоногт Ким Чен Уныг “Пуужинтай жижигхэн эр” хэмээн жиргэсэн билээ.

 

Уг жиргээг олон нийт шүүмжилсэн бөгөөд хоёр улсын харилцааг сэвтүүлж буй Ерөнхийлөгчийн зарим жиргээг Твиттер компани цаанаасаа блоклохыг уриалсан юм. Мөн Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд нь твиттерийг нь хаахыг шаарджээ.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн жиргээ болон албан ёсны твиттер хуудсыг нь хаах боломжгүй талаар Твиттерээс мэдэгджээ.

 

“Ерөнхийлөгчийн жиргээ хүчирхийллийг өдөөн турхирсан, манай дотоод журмыг зөрчсөн эсэхийг шалгах үүргийг бид хүлээж байна. Мөн уг асуудлаар твиттерийн дотоод дүрэмд өөрчлөлт оруулах саналтай байгаа. Хэдий хэрэглэгчид твиттерт хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Гэхдээ гол нь чөлөөтэй сэтгэлгээ дайныг өдөөн турхирах ёсгүй” хэмээн Твиттер компаниас мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин