Хүнд жингийн үзүүштэй тулаан 12 сард болно
2017-09-28

 

Франсис Нганну UFC-218 багц тулааны үеэр октагондоо эргэн ирэх боллоо. Уг тулаан 12 сарын 2-нд Дэтройт хотод болох юм. Түүний өрсөлдөгч нь Страйкфоорс, Дрийм, К-1 зэрэг холбоодын аварга Алистар Оверим байх ажээ. Уг тулааны ялагч нь UFC-ын хүнд жингийн аварга Стипе Миочечтай тулалдах боломжтой болох юм.

 

Уг тулааныг хэдхэн цагийн өмнө UFC-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан Нганну баталгаажуулж, зарласан байна. Хэдий Нганну Миочичтай дараа нь аваргын бүсний төлөө тулалдахгүй байсан ч гэсэн 12 сард болох тулаан түүнээс дутахгүй үзүүштэй тулаан байх болно гэж гадны сэтгүүлчид бичиж байна.

 

Нганну нь анх 4 жилийн өмнө буюу мэргэжлийн замналын хоёр дахь тулаандаа л ялагдсанаас хойш ганц ч ялагдал амсаагүй байгаа билээ. 10-1 гэсэн амжилттай байгаа “Араатан” хочит Нганну нь 9 сарын 9-нд хүнд жингийн хуучин аварга Жуниор дос Сантостой UFC-215 тулааны үеэр тулалдах ёстой байсан боловч өрсөлдөгч нь өвдөгний гэмтэлтэй байсан учраас цуцлагдсан билээ. Тэр үед холбооны зүгээс түүнд өөр өрсөлдөгч олж өгч чадаагүй юм.

 

Гадны судлаачид одоо 12 сард болох уг тулааныг Оверим халгаатай, эрсдэл ихтэй тулаан гэж бичиж байна. Харин Оверим өөрөө уг тулааны талаар “Фрасис бол маш чанга залуу. Сайн ч тулалдаж байгаа. Гэхдээ тиймээ, би тулаанд бэлэн. UFC-ээс надруу залгаад үүнийг хийцгээе гэсэн. Би ч шууд л тэгье гэсэн.” гэж хөгжөөн дэмжигчдийн асуултанд хариулсан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин