НБА-д шинэ тоглогч сонгох зарчим өөрчлөгдлөө
2017-09-29

 

Драфт... Энэ үгийг сагсан бөмбөг, ялангуяа НБА үздэг хүмүүс бүгд мэднэ. Тоглогч сонгох, лигийг тэнцвэржүүлэх хамгийн зөв тогтолцоо гэж хэлж болно. Амжилт тааруухан баг нь драфтын тэргүүн сонголтоор сонгох боломж хамгийн өндөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үүнээс шалтгаалж зарим нэг багууд улиралын төлөв амжилт олохооргүй бол албаар хожигдож, гол тоглогчдоо амраах зэргээр лигийн орлогод сөргөөр нөлөөлөх болж буйг бид харж байгаа. Үүний эсрэг лигийн комиссар Адам Силвэр ч хэд хэдэн арга хэмжээнүүдийг авах шийдвэрт хүрсэн.

 

Эхлээд энэ улирлаас эхэлж тоглолтуудыг эрт эхлүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь улирлын төгсгөлд од тоглогчдоо амраадаг багуудыг хүнээ амраахгүй, ачаалал ихтэйгээс болж гэмтдэг тоглогчдын гэмтэх тохиолдлыг багасгасан нүүдэл болсон. Нөгөө талаас тив алгасан тоглолт үзэх гэж очдог үзэгчдийг ч бодсон шийдвэр байлаа. Хэрвээ тоглогчоо ноцтой шалтгаангүйгээр амраах аваас шийтгэнэ.

 

Тэгвэл үүний дараа орох бас нэгэн чухал шийдвэрийг Адам Силвэр болон удирдах зөвлөлөөс гаргаснаа зарлаж байна. Энэ бол драфт явагддаг зарчимд өөрчлөлт оруулах шийдвэр. Уг саналыг 30 багийн хувьцаа эзэмшигчдээс 28-1-1 гэсэн саналын харьцаатайгаар зөвшөөрсөн байна. Санал хураалтыг Оклахома Сити Тандэр баг дангаараа эсэргүүцсэн бол Даллас Маварекс багаас хүн ирээгүй байжээ. Шинэчилсэн системийн дагуу 2019 оны драфтаас эхэлж хамгийн тааруу амжилт үзүүлсэн 3 баг драфтаас нэгээр сонгох боломж адилхан 14 хувь болж байгаа юм. Тэгвэл хуучин ямар байдаг байсан бэ?

 

Хуучин буюу одоохондоо хэрэгжиж байгаа системээр бол эдгээр багууд 25, 19,9, 15.6 хувийн боломжтойгоор сугалаа татдаг байлаа. Өөрөөр хэлбэл хамгийн муу амжилт үзүүлсэн баг нь азаар гарч ирэх боломжит 1000 бөмбөлөг дунд 250 бөмбөлөгтэй оролцдог байсан гэсэн үг.

 

Одоо бол харин уг боломж багасаж байгаа учраас танай баг хичнээн муу тоглосон ч ирээдүйд од болох тоглогчийг сонгох магадлал тийм ч их биш гэсэн үг. Дор хаяж өөр 2 баг танайхтай адилхан боломжтой. Тиймээс албаар хожигддог байдал бага багаар мартагдаж эхлэх гэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин