Лэйкэрсийн туслах дасгалжуулагч нас барлаа
2017-10-02

Фил Жэксоны туслах дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Чикаго Буллз, Лос Анжелэс Лэйкэрс багуудын хамтаар аваргын долоон бөгж зүүсэн Фрэнк Хэмблэн 70 насандаа нас баржээ.

 

Албаныхны мэдээлж байгаагаар Дэл Мар хэмээх далайн эрэг дагуух жижиг хотод нас барсан гэнэ. Үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

 

2000-2002 оны гурав дараалсан аварга болон 2009, 2010 онуудад аварга авахад Лэйкэрсийн бүрэлдэхүүнд байсан юм. Мөн 2005 онд багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хүртэл хашиж байсан нэгэн билээ. Үүнээсээ өмнө 1997, 1998 онуудад Чикаго Буллзын туслах дасгалжуулагчаар ажиллаж, хамтдаа Ларри О’Брайны цомыг өргөж байжээ.

 

“Фрэнк Хэмблэн бол гайхалтай дасгалжуулагч, сайн анд нөхөр байсан. Түүнийг зөвхөн Лэйкэрс багийн ажилчид хайрлаж хүндлээд зогсохгүй, НБА тэр чигээрээ хүндэлдэг байлаа” хэмээн Лэйкэрсийн дасгалжуулагч Люк Уолтон сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа. Люк Уолтоныг тоглогчийн хувиар анх НБА-д орж ирэхэд тэрээр туслах дасгалжуулагчийн албанд ажиллаж байсан байна.

 

Тэрээр 1969 оноос хойш 42 жил НБА болон АБА-д туслах болон ахлах дасгалжуулагчийн албыг хашсан нэгэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин