Гурван улсын багш нарын хурал болж байна
2017-10-02

 

Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол Улсын ЕБС-ийн багш нарын хамтарсан форум өнөөдөр эхэллээ.

 

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд Монгол туургатны ёс заншлаа уламжлан хадгалах, Орос, Хятад, Монгол гурван улсад оршин суугаа Монгол үндэстэн сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш нар харилцан туршлага солилцох боломжийг олгох ажээ.

 

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулиас зохион байгуулж буй уг үйл ажиллагаа нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд багш нар илтгэл тавихаас гадна бусад сонирхолтой үйл ажиллагаа  явуулах аж. Үйл ажиллагааны үеэр форумд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг “Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан манай сургуулийн санаачлагаар ОХУ-ын Буриад улсын 43-р сургууль, Хишигтэн хошууны бага сургуулийн нийт 32 багш манай чуулганд оролцож байна. Гурван улсын хоорондын дэлхийн боловсролын шинэчлэл, багш нарын заах арга зүйн талаар хэлэлцүүлэг, илтгэлүүд тавина. Боловсролд гарч буй шинэчлэлүүдийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготойгоор спорт, урлаг зэрэг олон төрлийн форум. Энэ чуулганы хүрээнд багш нарын хэлэлцүүлэг явуулна. Мөн боловсролын шинэчлэл, багш нарын оролцоо, хүүхдийн хүмүүжил, арга зүйн онцлогийн талаар илтгэл тавина” гэв.

 

МӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны  багш Б.Хасзаяа “Монгол үндэсний багш нар хичээл орох туршлага, арга барил, зайн сургалтын талаар ярилцаж байна. Өмнө нь энэ арга хэмжээнд оролцож байсан багш нар туршлага солилцсоноор бидэнд маш их үр дүн өгсөн” гэлээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин