Улаанбаатар
Хаалттай хаалганы цаадах өрсөлдөөн
2017-10-2

 

Испани улсад үргэлжилж байгаа улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал спортын салбарт ч нөлөөж эхэллээ. Энэ нь мэдээж каталончуудын бахархал болсон Барселона клуб дээр илэрчээ.

 

Өнгөрсөн сараас эрчимжиж эхэлсэн Каталоны тусгаар улс болох санал асуулгын ажлыг Испанийн Засгийн газар хууль бус гэж үзсэн юм. Улмаар өчигдөр (10.01) Каталон мужид болох байсан санал асуулгын ажлыг Испанийн эрх баригчид цагдаагийн хүчээр дарж байгаа юм. Хүчний байгууллагын ажилтнууд олноороо Барселона хотод очиж байгаа нь олон хүмүүсийн эгдүүцэлийг төрүүлж эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа аж. 

 

Тэгвэл эсэргүүцэлд оролцогчдыг Камп Ноуд болох Барселона-Лас Пальмас багуудын тоглолтод оруулахгүй гэсэн шийдвэр гарч Ла лигийн 7-р тойргийн нэг тоглолт үзэгчгүйгээр болжээ.

 

Энэхүү шийдвэр гарсны дараа Барселона багийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, тоглогчдоо бие халаалтанд гаргаагүй бол Ла лигээс удалгүй анхааруулга ирснээр тамирчид талбайд гарчээ. Учир нь тэднийг тоглолтоо хийхгүй бол 3 оноог Лас Пальмас багт шууд өгнө гэсэн байна.

 

Мөн Барса тоглолтын өмнө зочин багийн өмсгөлтэй талбайд гарч эсэргүүцэл илэрхийлсэн ч шүүгчийн шаардлагаар дахин хувцсаа сольсон, Лас Пальмас Испанийн тугийг өмсгөлдөө нэмсэн, “Ардчилал” гэсэн үг цэнгэлдэхийн онооны самбар дээр байсан зэрэг улс төрийн чиг хандлагатай олон үйл явдал энэхүү тоглолтыг тойрчээ. 

 

Хаалттай хаалганы цаана болсон уг тоглолтын үндсэн цаг 3:0 харьцаатай Барселона клубын ялалтаар өндөрлөсөн бөгөөд С.Бускетс эхний гоолыг оруулсан бол Л.Месси араас нь дубль хийжээ.

 

Барселона клуб ийнхүү 21 дэх оноогоо авч, Ла лигийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин