У.Хүрэлсүх: Засгийн газар парламентаас бүрдэнэ
2017-10-04

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч У.Хүрэлсүх  гишүүдийн асуултад хариулж  байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Цалинг нь  нэмэх үү. Засгийн газрын бүрэлдэхүүнээс дэд сайдын орон тоог хасах уу. УИХ дахь АН-ын бүлэг Засгийн бүтцийг өөрчилж, яамдын тоог нэм гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ам.долларын ханшийг хөөрөгдсөн нөхөдтэй хариуцлага тооцох уу?

 

-Би багш нарын зовлонг сайн мэднэ. Миний эхнэр багш. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багш нар бол улс орны оюун санааны хөдөлгөгч хүч. Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалж байгаа хүмүүс  эмч нар байдаг. Тиймээс зөвхөн багш, эмч нар гэлтгүй онцгой байдал, цагдаа зэрэг төрийн албан хаагч нарын цалинг үе шаттайгээр 2018 онд нэмнэ. ОУВС-тай тохирсон хөтөлбөрт цалин нэмэх асуудал тусгагдсан. Дээр нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа.

 

Яамдын тоог нэмэх асуудлаар АН-ын бүлгийн саналыг судалж үзнэ. Өвлийн хүйтэн болж байгаатай холбогдуулан яам, агентлагийн бүтэц дээр янз бүрийн өөрчлөлт хийхгүйгээр төрийн залгамж чанарыг хадгалж явуулахыг хүсч байгаа. Монголын төрд ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдсан албан хаагчид хариуцлага тооцно. Нийгэмд эмх замбараагүй байдал бий болж, төрийн хууль суларсан байна. Тиймээс хуулийг мөрдүүлж, чангатгаж ажиллах зайлшгүй шаардлага байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-У.Хүрэлсүх нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Засгийн газрыг тэргүүлж ажиллаж чадна гэж бодож байна. Бид газрын хэвлийн баялгаа буруу замаар явуулж байна. Энэ талаар би сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа. Энэ асуудалд тодорхой шийдэл гаргаж, цэгц журамд нь оруулж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр 3000 гаруй лиценз олгогдсон байна. Үүнийг цэгцэлж чадаагүй байж нэмж олгож байна. “Оюутолгой”-той холбоотой асуудал улс орныг дампуурлаа хүргэх хэмжээнд авчирсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бид улс орноо аварч чадлаа.

 

-Монгол хүн Монгол эх орондоо газрын доорх баялгаа тэгш эдлэх хэрэгтэй. Хууль дүрэм зөрчигдсөн асуудлыг шалгана.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Бид нийгмээрээ ёс зүйн ухамсар доройтолд орж байна. Монголчуудын байгаль орчинтой харьцах асуудал орхигдсон. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй байна. Энэ асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шийдэх гарц байна уу. Хөшигийн хөндийг баригдаж байгаа олон улсын нисэх буудалд хүртэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр үнэртэж байна.

 

-Агаарын бохирдол сэтгэл зовоосон асуудал болсон. Даац хэтэрсэн. Тодорхой бодлого явуулна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр байгаа. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эдгээр баримт бичгийг барьж ажиллана. Шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдэж ажиллана. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Монгол улс хэдий хугацаанд өр зээлтэй явах юм бэ. Үүнийг шийдэх үү. Гадна дотнын эрх ашгийг хамгаалдаг байгуулагатай хамтраад яваад байх юм уу. “Рио-тин”-тойгийн мөнгийг гаднын байгууллагаар дамжуулахгүй бол ОУВС хөтөлбөрөө зогсооно гэсний дагуу УИХ баталсан тогтоолоо хүчингүй болгосон. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн 15 орд газар байна. Тэдгээр орд газрын олборлолт дээр тавих хяналтыг чангатгах хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойгоос гарч байгаа зэс, алтыг хянаж чадаж байна уу.  Гадаадынхан Монголд орж ирээд дураараа дургиж байна. “Оюутолгой” ямар хэмжээний борлуулалт хийж байгаагаа тайлагнахгүй байгаа. Монголын гаалиар гарахдаа 10 вагон бүртгүүлсэн мөртлөө Хятадын гаалиар гарахад 20 вагон болж байсан. Бид үндэснийхээ баялаг, уул уурхай дээр түшиглэсэн бүтцээ хэрхэн шийдэх вэ? Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох уу, 2018 оноос. Үүнд боломж байна гэж харж байгаа.

 

-Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгааг та бүхэн мэдэж  байгаа.  Он гараад “Чингис” 510 сая, зээлийн 300 сая ам.доллар гээд. Монголчууд бидэнд ирсэн хамгийн хүндрэлтэй асуудал бол өр. Санхүүгийн сахилга батыг аль болох тэнцвэржүүлэх ёстой. ОУВС-тай тохирсон зүйлээ цаашид үргэлжлүүлэх ёстой. Тэр хүмүүсийнхээ санаа бодлыг сонсох нь зүйтэй. Стратегийн орд газрууддаа хариуцлагатай хандах ёстой. Монголын ард түмэн өөрийн баялагтаа эзэн байх ёстой. Харамсалтай нь энэ нь алдагдсан. “Оюутолгой”-гоос авахуулаад асуудал байдаг. Энэ асуудлыг бид эргэж үзэх ёстой. Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас баялгаа захиран зарцуулах нь бидний дотоод асуудал. Газар нутгийн баялгийн төлөө өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа урсгасан. Эдийн засаг олон тулгуурт байх ёстой. Уул уурхайн салбараа шүтэж ирсний гай сүүлийн хэдэн жил гарч ирсэн. Үүнийгээ нөхдөг эдийн засагтай байх ёстой. Түүний нэг нь хөдөө аж ахуй, газар тариалан юм. Бид газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгон хувиргах ёстой. Ингэж байж амжилтад хүрнэ.

 

Бололцоотой байсан бол багш, эмч нарын цалинг нэмж, хүүхдийн мөнгөө олгоод явна. Харамсалтай нь бидэнд хөрөнгө санхүүгийн боломж, нөхцөл хүнд байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг эргэж харах уу. Таван толгойг хөдөлгөх шаардлагатай байна.Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ?

 

-Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ. Хууль зөрчсөн асуудал гарсан бол Монгол Улсын болон олон улсын гэрээ конвенцийн хүрээнд шийднэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэсэн эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ард түмэн Тавантолгойг өөрөө ашиглавал Монгол Улсын язгуур эрх ашигт шийднэ. "Эрдэнэт"-ийн тухайд Монгол Улсын хууль дүрмийн дагуу шийдэгдэх ёстой. Шүүх дээр асуудал явж байгаа.

 

Би энэ Засгийн газрыг асуудлаа шийдвэрлэж, шийдвэр гаргаж чаддаг чадвартай Засгийн газар байгаасай гэж бодож байна. Энэ Засгийн газар парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za za davhar deeltei zasag burdeh ni dee. Ilm l oliggui psda daa. Tegvel said bolson humuus gishuuneesee targalzah yostoi!!
2017-10-04