Николас Батум 8-12 долоо хоног талбайд гарахгүй
2017-10-06

Шарлот Хорнэтс багийн довтлогч Николас Батум хоёроос гурван сар талбайд гарах боломжгүй болжээ. Өнгөрсөн улиралд 15.1 оноо, 6.2 самбар, 5.9 ашигтай дамжуулалт дунджилж байсан олон талт довтлогчийн хувьд өчигдөр болсон улирлын өмнөх тоглолтын үеэр зүүн тохойны холбоос шөрмөсдөө гэмтэл авсан байна.

 

Өчигдрийн Дэтройт Пистонсын эсрэг тоглолтын нэгдүгээр үед уг гэмтлийг авсан юм. Ямар эмчилгээ хийхийг нарийвчлан судалж байгаа боловч хамгийн багадаа 8 долоо хоног болно гэж анхан шатны үзлэгээр тодорхойлсон байна.

 

Хэрвээ энэ үнэн бол Николас Батум зул сарын баяр буюу 12 сарын 25 хавьцаа ирэх болж байгаа юм. Түүнийг орлож Жэрэми Ламб, эсвэл Малик Монк хоёрын аль нэг нь гараанд гарах болно. Ямартай ч энэ жил плэй оффт дээхнүүр орохын төлөө энэ зун Дуайт Ховардыг эгнээндээ нэгтгэсэн Хорнэтс Батумгүйгээр 20-30 тоглолт хийх болж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин