Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирсэнгүй
2017-10-06

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарлаад байсан. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан. Өнгөрсөн сарын 6-наас эхлэн дуудлага худалдааны зарыг олон нийтэд түгээж байсан хэдий ч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Тиймээс энэ удаагийн дуудлага худалдаа цуцлагдсан юм. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа нар мэдээлэл өглөө.

 

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Газрын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршлуудыг дуудлага худалдаанд оруулдаг. Энэ удаагийн дуудлага худалдааны зарыг өнгөрсөн сарын 6-наас эхлэн олон нийтэд хэвлэл мэдээллээр түгээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирсэнгүй. Энэ онд нийслэлийн Газрын албанаас хоёр удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан. Өмнөх дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүрэгт хоёр байршлыг 765.6 сая төгрөгөөр худалдсан.

 

Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцогчдын тоо эрс буураад байна. Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 м2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 онд гаргасан 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж хэт өндөр үнэтэй болгосон.

 

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж,  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” хэмээсэн юм.

 

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулжээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://ulaanbaatar.mn

Shuud.mn
Сонин хачин