Маркийф Моррис багтайгаа нэгсэн ч сар талбайд гарахгүй
2017-10-06

 

Вашингтон Визардс багийн довтлогч Маркийф Моррис багтайгаа анх удаа нэгдлээ. Сүүлийн нэг сарыг маш завгүй өнгөрүүлснийг сагсан бөмбөг сонирхогчид гадарлаж байгаа. Тэрбээр энэ талаараа “Бүх зүйл сайхан байна. Хөөрхөн охинтой боллоо, мэс ажилбар маань амжилттай болсон, бас бид шүүх дээр үүсээд байсан хэрэгт ялалт байгуулсан.” хэмээн багтайгаа нэгдсэний дараа сэтгүүлчдэд хэлсэн юм.

 

Тэрбээр өөрийн ихрийн хамтаар 2015 онд хүн зодож танхайрсан гэх хэрэгт нэр холбогдоод байсан юм. Уг хэргийн талаар дэлгэрүүлж асуухад “Манай хуульчид уг хэрэгт холбогдсон бүхий л үед гайхалтай  мэрийлттэй ажилласан. Маркус бид хоёр уг хэргийг анхнааса нь өөдрөгөөр харж байлаа. Ялна гэдэгтээ ч итгэлтэй байсан. Одоо энэ бүхэн ард үлдэж, сэтгэл санаа үймүүлэхгүй болсонд юунаас ч илүү баяртай байна.” гэж хариулсан байна.

 

Түүнийг багтаа эргэн нэгдсэнд багийнхан ч баяртай байсан талаар ахлах дасгалжуулагч Скот Брүүкс өгүүлээд “Манай залуус түүнийг маш их хүндэлдэг гэдгийг харж болохоор байлаа. Түүнийг эргэн ирсэнд бүгд л маш их баярласан шүү” гэсэн юм.

 

Өнгөрсөн улиралд бүсийн хагас шигшээ хүртэл явсан Вашингтон Визардс багийн довтлогч Маркийф Моррис нь 14 оноо 6.5 самбар дунджилж, 76 тоглолтод оролцсон юм.

 

Ямартай ч нэр холбогдоод байсан нэг хэрэг нь хойш орсон бол мэс ажилбар нь ч мөн амжилттай болсон гэж тэрбээр өгүүлэв. Охиноо өлгийдөн авснаас ердөө 2 долоо хоногийн дараа буюу 9 сарын 22-нд мэс ажилбарт орсон. Багийн зүгээс мэс ажилбар эдгэртэл 6-8 долоо хоног гэж зарлаад байлаа. Үүнээс үзвэл улирлын эхний нэг сарыг Моррис үзэгчийн суудлаас үзэж сонирхохоор болж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин