М.Мөнхбаатар: Төр бизнест хэт оролцоотой байх нь төрийн бодлого биш
2017-10-09

 

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsфorum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар

 ярилцдаг билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна.

Энэ удаагийн зочноор “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга, захирал М.Мөнхбаатарыг урилаа.

 

ХАРААТ ЭДИЙН ЗАСАГТАЙ ЭСЭХЭЭ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Хөгжил гэдэг нь хувь хүний боловсролоор дамжиж ирдэг зүйл юм. Гэхдээ боловсрол гэдэг нь мэдлэгээс ялгаатай. Учир нь мэдлэгийг дунд болон их дээд сургуулиас олж авдаг. Харин тэрхүү мэдлэгээ хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалан боловсролын төвшинг тодорхойлж болох юм.

Түүнчлэн улс орны соёлын хэм хэмжээ ч хөгжлийн нэг хөшүүрэг. Нөгөө талаас эдийн засгийн хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн бусад орнуудтай зэрэгцэхүйц хэмжээнд хүрч хөгжиж байгаа гэж хардаг. Учир нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа. Энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн төрийн бодлогын дэмжлэг зөв байсны илрэл. Нөгөө­тэйгүүр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал бусдаас хараат эсэхийг харах хэ­рэгтэй. Тухайлбал, ямар улсаас Монгол Улс импорт хийж бас экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа вэ гэдгээ мэдэх учиртай. Одоогийн байд­лаар гадаад худалдааны 70 гаруй хувь нь зөвхөн урд хөршөөс хамааралтай байгаа нь тус улсын эдийн засгийн савалгаа манайд шууд нөлөөлнө гэдгийг мэдэж болно шүү дээ.

 

ДАВУУ ТАЛАА АШИГЛА

-Аливаа бизнесийг эрхлэхэд анхны алхам чухал. Энэ нь хувийн аж ахуй болоод улсын хөгжилд ч хамаатай зүйл. Тэгэхээр манай улсын хувьд уул уурхайгаа хөгжлийнхөө анхны алхам болгон ашиглах нь зүйтэй гэж боддог. Яагаад гэвэл, газар доорх баялаг, газар зүйн байршлаараа бусад улс оронтой харьцуулбал бидэнд давуу тал бий. Тодруулбал, 3.2 сая хүн амтай, 1.5 ам метр талбайтай газар нутагтай шүү дээ. Түүнээс гадна дэлхийн хамгийн том хэрэглээний эдийн засаг гэгддэг БНХАУ-тай хил залгаа оршдог. Өнөөдрийн байдлаар бидний урд хөрш дэлхийд эдийн засгийнхаа чадамжаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Хятад улс 2030 он гэхэд эрэмбээ өсгөж тэргүүлэх төлөв ажиглагдаж байгааг судлаачид онцолдог. Тиймээс бид давуу талаа ашиглан хөгжих хэрэгтэй.

 

ТӨРИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГО БА ЦАГ ХУГАЦАА

 

Төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хууль тогтоомжийн хүрээнд ажлаа эрхлэх шаардлагатай. Гэхдээ төрийн бодлого оновчтой, цаг хугацааг хожсон байх нь чухал. Харин аж ахуйн нэгжүүд нь хууль, дүрэм журмаас гаждаггүй байснаар бодит өсөлтийг бий болгох юм.

 

Одоогийн байдлаар уул уурхай манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар. Тиймээс ч энэ салбараас гарч буй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэх эсэх талаар хүмүүс ярьдаг болжээ. БНХАУ руу нүүрс, төмрийн хүдрийг их хэмжээгээр гаргаж байгаа ч нүүрсээ зах зээлийн үнээр борлуулж чадахгүй байна гэлцдэг. Нөгөөтэйгүүр Гашуунсухайт боомтоор өдөртөө 2000 машин нэвтрүүлэх боломжтой атал 400-500 машин гарч байгаа мэдээлэл бий. Энэ бүхнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Ингэснээр төр хувийн хэвшлээ дэмжинэ. Түүнээс төрийн бодлогоор дэм­жихийн тулд бизнест ханцуй шамлаад хутгалдахыг хэлэхгүй.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ЭРХ АШИГ

 

-Төрийн дэмжлэг огт байгаагүй мэтээр ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс хэрэгжүүлж байгаа зарим бодлого нэг салбарыг дэмжсэнээр эрэлтээс давсан нийлүүлэлтийг бий болгосон юм. Энэ нь бизнесийг хөгжүүлэхээс илүү зарим тохиолдолд дампуурах эрсдлийг авчирдаг. Тухайлбал, цементийн үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлогыг өнгөрсөн жилүүдэд явуулсныг хүн бүр мэднэ. Одоогоор дотоодын гурав, гадны нэг үйлдвэрлэгч цемент үйлдвэрлэдэг. Нийт хүчин чадал нь дөрвөн сая тонн. Гэтэл манай улсын хэрэглээ 1.5 сая тонн байдаг. Тэгэхээр энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудад хүндээр тусч байгаа. Түүнчлэн урд хөршийн цемент үйлдвэрлэгч маш хямдаар нийлүүлэлт хийдэг. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, төр тухайн бүтээгдэхүүний импортын татварыг өндрөөр тогтоох замаар төрийн бодлогын дэмжлэгийг дотоодын үйлдвэрлэгчдэд үзүүлэх учиртай. Ингэснээр бидний улиг болтол ярьдаг төрийн дэмжлэг бодитоор хөрсөнд бууж байна гэсэн үг. Гэхдээ ганц манай улс ийм алхам хийж байгаа мэтээр харж болохгүй. Жишээлбэл, АНУ төмрийг гаднаас импортлохыг хориглодог. Учир нь тус улс дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж эдийн засагтаа хөшүүрэг бий болгож байгаа хэрэг. Мөн манай хойд хөрш төмрийг эцсийн бүтээгдэхүүн болгосныхоо дараа экспортлохыг зөвшөөрдөг. Түүнээс хаягдал төмрөө гаргахыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Харин манай улсад энэ мэтчилэн хуулийн хамгаалалт байгаа хэдий ч үүнийг сулруулах хуулийн төслийг УИХ-д оруулж байгаа нь харамсалтай юм. Эцсийн дүндээ бид эдийн засгаа хамгаалахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг эзэлж байгаа хувийн хэвшлээ төрийн бодлогоор дэмжих учиртай. Гэтэл зарим нэг буруу алхамын улмаас төрийн бодлогын алдаа гарч байгаа нь улсын хөгжлийг сулруулах, чадавхийг бууруулах алхам болдгийг бодлого боловсруулагчид анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашгийг хамгаалах уу, улсын эдийн засгийг бэхжүүлэх үү гэдэг сонголттой манай эрх мэдэлтнүүд тулж байгаа нь хэн бүхэнд харагддаг шүү дээ. Тэгвэл эрх ашгаа хойш тавиад улсынхаа хөгжлийн төлөөх бодлогыг гаргаж сурах хэрэгтэй юм.

 

ЯСТ МЭЛХИЙН ХУРД БА ХУУЛЬ

 

-Тодорхой салбарт төрөөс бодлого гарч байгаа. Гэвч хамгийн чухал нь тухайн цаг мөчид хэрэгцээ шаардлагыг хангах нь чухал. Ийм бодлого шийдвэр үр өгөөжөө өгдөг. Түүнээс гадна хэрэгцээ байгаа ч хэрэгжих боломжгүй хууль бий. Жишээлбэл, Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсан. Журам нь гарахгүй байгаагаас шалтгаалан хэрэгждэггүй. Уг нь зөв цагт баталсан юм шүү дээ. Бид улсаа хөгжүүлэх тухай ярьж байна. Энэ нь хувийн хэвшлээс хамааралтай байгаа гэдгийг дээр тоон баримтаар дурдсан. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөхийн тулд бизнес эрхлэгчид дэлхийн бүхий л улс орнуудтай худалдаа, арилжаа эрхлэхийг зорино. Бизнес цаг хугацаатай уралдаж ашиг олдог. Тиймээс хугацаа алдахгүйгээр шийдвэр гаргахын тулд зарим тохиолдолд цахим орчныг ашиглах нь элбэг тохиолдоно. Магадгүй гадны түншүүдтэйгээ уулзахаар явсан хойгуур зайлшгүй гарын үсэг зурж баталгаажуулах, цаг хугацаа алдаж болохгүй шийдвэр гаргах тохиолдол гардаг. Төрөөс хууль гаргасан ч хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Тэгэхээр төр хууль баталсан ч энэ нь нэр төдийхэн байж болохгүй гэсэн үг.

 

БИЗНЕС ДЭХ ТӨРИЙН ОРОЛЦОО

-Төр-хувийн түншлэл гэдэг аль нэг нь давуу эрх эдлэхийг хэлдэггүй. Төрийн оролцоотой бизнес алдагдалтай ажилладаг жишиг манайд улсад бий. Тэгэхээр бизнес дэх төрийн оролцоо ямар төвшинд байх вэ гэдэг маш чухал. Мэдээж стратегийн ач холбогдолтой салбарт төрийн оролцоотой аж ахуйн нэгж байх хэрэгтэй. Жишээлбэл, эрчим хүчний салбарт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ салбарт тухайн улс орны суурь эдийн засаг шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл эрхлэхэд эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг. Айл өрхийн хувьд ч ялгаагүй бүхий л зүйл нь эрчим хүчнээс хамаардаг шүү дээ. Тиймээс тодорхой хэсгийг хувийн хэвшилд хамааруулж дийлэнхийг нь төр хариуцах учиртай. Гэхдээ төрийн эзэмшлийн компаниудын алдагдал ямар байгааг бодлого боловсруулагчид нь анхааралдаа авч хэр­­хэн ажиллуулахаа тодорхойлох ёстой.

 

Жишээлбэл, АНУ-д 1870 онд телеграф анх үүсчээ. Тухайн үед стратегийн ач хол­богдолтой салбар учраас төр 100 хувь эзэмшдэг байж. Тус компани 1896 он хүртэл 20 гаруй жил болоход 40 км телеграфийн шугам татсан байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн компани маш их алдагдалтай ажил­ла­сан байдаг. Ингээд энэ салбарыг хувьчлах нь зүйтэй гэдэг шийдвэрийг АНУ-ын төрөөс гаргасан байгаа юм. Ингэснээр 1906 он гэхэд 26000 км телеграфийн шугам татсан түүхий бий. Эндээс харвал аль ч улсад төр муу менежер байдаг аж.  Манай улсын хувьд ч ялгаагүй төр муу менежер гэдгээ хүлээн зөвшөөрч ямар алхам хийх вэ, хэрхэн эдийн засгийн өсөлтийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсон.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

-Хөрөнгө оруулагч гэдэг нь гадаад, дотоод гэдгээрээ ялгаатай бай­даггүй. Хэн ч байсан тухайн эрхлэх гэж байгаа бизнест тодорхой хэм­жээний хөрөнгө оруу­лалтыг хийж байгаа. Харин үүнд гадаад дотоод гэж ялгавартай хандаж, харьцах нь тийм ч таатай биш. Сүүлийн 26 жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчдад маш таатай орчныг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, Алт хөтөлбөрийн хүрээнд гадны хөрөнгө оруулагчид хэрхэн ажиллаж, манай улсад ямар хэмжээний татвар төлж байсныг цаг хугацаа харуулсан шүү дээ.

 

Ер нь дотоодын хөрөнгө оруулагч улс эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг, нутаг усаа сэндийчээд хаяхгүй байх зэрэг олон зүйлийг эргэцүүлэн илүү өөриймсөг хандана. Гэхдээ гадныхан хүнийр хүү байж эвдэж сүйтгэнэ гэж байгаа юм биш. Хамгийн гол нь компанийн сайн засаглалыг бэхжүүлснээр тухайн бизнесийн бай­гуул­лага өргөжин тэл­дэг жишгийг олон улс хэ­­рэг­­­жүүлж байгаа. Тэ­гэ­­­хээр ганцхан удаа увайгүй аргаар олох ашгаас урт хугацаандаа нэр хүндтэй ажилласнаар олох ашиг илүү гэдгийг бизнес эрхлэгчид мэднэ. Тиймээс бизнес эрх­лэгчдийг гадаад, дотоод гэж ялгахаас илүүтэй тэдний дэмжлэгтэйгээр эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох вэ гэдэг чухал.

 

ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЦЭЭ ЗӨВ ТОДОРХОЙЛ

-Манай улс уул уурхайгаас хэт хараат байна гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ салбараас орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалыг зөв, зохистой зарцуулж, хуримтлал үүсгэх хэрэгтэй юм. Ер нь улс аль ч салбарыг дэмжиж болно. Ингэхдээ олон улсын стандартыг хэрэг­жүүлэхийг төрөөс шаардах учиртай. Нөгөөтэйгүүр улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхийн тулд эхлээд бүтцээ зөв тодорхойлох ёстой. Жишээлбэл, эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд өмнөх Засгийн газрын үед байсан Эдийн засгийн хөгжлийн яам чухал үүрэгтэй байсан гэж боддог.  Яагаад гэвэл, үйлдвэрлэлийг аль салбарт түлхүү хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого байхгүй бол бизнесийнхэн хаана хандаж асуудлаа ший­дүүлэх вэ. Нөгөө талаас салбарт үйл ажил­лагаа явуулдаг холбоод бидний дуу хоолой, санал бодлыг бодлого боловсруулагчдад хүргэж ажил­лах учиртай юм. Эцсийн дүндээ төр оршин тогтноход голлох байр суурийг эзэлдэг хувийн хэвшлээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Үүний тулд тэдний саналыг сонсч гаргаж буй баримт бичиг, бод­лого шийдвэртээ тус­гаснаар эдийн засагтаа ч, улсын хөгжлийн төвшинд дорвитой нөлөөг үзүүлнэ. Мэдээж тухайн улс өөрийнхөө чиглэж ажилладаг бодлогын хү­рээнд ажиллахыг шаар­дах хэрэгтэй. Дахиад хэлэхэд, төрөөс гарч байгаа бодлого цагаа олсон, бодитой, үр өгөөжтэй байснаар улсын хөгжлийн хөшүүрэг болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
ХН....:
МОНГОЛ ТӨРИЙН САЙДДАА ИТГЭНЭЭ ЭНЭ УДААД. МОНГОЛЫН ТӨРИЙН САЙД ХҮН ТА НАРЫГ ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛСАН ГЭЖ ТАЙЛБАРЛААД БАЙНА. ТА НАР ТӨРӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ АВААГҮЙ ГЭЭД БАЙНА. ТЭГЭЭД ХААНААС МӨНГӨ АВСЫМ. САЙХАН ХАЛААЧ
2019-03-05
гөлөгнүүд дээд шүүх дээр ялагдаасай, шүүх яаж ажи:
гөлөгнүүд дээд шүүх дээр ялагдаасай, шүүх яаж ажилдагыг харж л байя
2017-10-09
Зочин:
Эрдэнэтийн хулгайгаа албажуулах гэж үхэн хатан зүтгэж байгаа муу хулгайч чамайг чөтгөр аваасай. Улсын төсөвт мөнгө хийдэг ганц үйлдвэр Эрдэнэтийг хувьчилж аваад луйвар хийж улам гарй болох гэсэн муу хулгайч багш эмч нарын цалин нэмэхэд ийм л хулгайч луйварчидын хэзээ ч ханаж цаддаггүй шунал нь гай болоод байна. Ийм луйварчдын хазааралдаг биш амгайвёилдаг хуулийг УИХ баталдаг болоод удлаа даа
2017-10-09
Зочин:
Яг юу хэлэх гэсэн юм бол доо.
2017-10-09
Зочин:
ЭХЛЭЭД ТУРЧААЧ. ГАХАЙ БИШ ДЭЭ ЯМАР
2017-10-09