Льюис Хамилтон Японы Гранприд түрүүллээ
2017-10-09

 

Формула 1 ДАШТ-ий Японы Гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ жилийн Дэлхийн аварга нисгэгчийг шийдэхэд тун чухал ач холбогдолтой байсан уг уралдаан том багуудын хувьд маш чухал байлаа. Байрлал тогтоох уралдаанаас харахад Мерседес, Феррари, Рэд булл багуудын хооронд гол өрсөлдөөн өрнөхөөр харагдаж байсан. Харамсалтай нь Феррари өрсөлдөөнөөс эрт гарсан.

 

Багийн гол нисгэгч Себастиан Фэттэль ням гарагт ердөө 2 тойрог хийсэн юм. Учир нь түүний машины очлуурт асуудал гарснаар уралдааныг орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн байна. Дээд ангилалд төдийлөн гардаггүй энэ гэмтэл түүний машины хурдны хайрцагт үүссэн асуудалтай ч холбоотой байж болох.

 

Тэгвэл Феттелийн эзгүйд ялагчийн өрсөлдөөн Льюис Хамилтон, Макс Ферстаппен нарын хооронд өрнөсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Малайзын Гранприд түрүүлсэн Нидерланд залуугийн хувьд тун гайхалтай уралдааныг дахин гаргаж чадсан. Гэхдээ Хамилтон илүү үр дүнтэй төгсгөлийг хийснээр тэргүүллээ хамгаалж чадсан байна.

 

Их Британи эр 5.8 км урттай Сузука авто тойруулгыг 53 удаа тойрохдоо 1 цаг 27 минут 31.1 секунд зарцуулж улирлын 8 дахь ялалтаа авсан юм. Ингэснээр Л. Хамилтон 306 оноотой болж тэргүүлэгчийн байр сууриа баталгаажуулсан бол энэ долоо хоногт оноо авч чадаагүй С.Феттель дэд байранд 247 оноотой жагсаж байна.

 

Харин Японы Гранпригийн дараагийн байруудад Рэд булл багийн хослол Макс Ферстаппен, Даниель Риккардо нар орлоо.

 

ДАШТ өндөрлөхөд ердөө 4 Гранпри үлдээд байна. Дараагийн уралдаан энэ сарын 22-ны өдөр АНУ-ын Остин хотод болно.   

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин