Рафаэл Надал энэ оны зургаа дахь цомоо өргөлөө
2017-10-09

 

Испаний теннисчин Рафаэл Надал Австралийн теннисчин Ник Кирьосыг 6:2, 6:1 гэсэн онооны харьцаатай буулган авснаар “Хятадын Нээлттэй тэмцээн”-д түрүүллээ. Ингэснээр энэ жилийн АТР холбооны тэмцээнүүдээс 6 дахь түрүүгээ авч байгаа юм.

 

Өдгөө 31 настай, дэлхийн чансааг тэргүүлэгч Надал нь Рожэр Фэдэрэр, Александр Зверев нартай 5 түрүү авсан амжилтаар зэрэгцээд байсан билээ. Харин замналынхаа 75 дахь түрүүг Бээжин хотноо ийнхүү авч чадлаа.

 

Энэ жил тэрбээр Францын Нээлттэй тэмцээн, Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүү авсан нь хамгийн томоохон амжилтууд байлаа. Мөн тэрбээр 2013 онд нэг жилд зургаан тэмцээнд түрүү авч байсан амжилтаа давтлаа. Харин 2013 онд тэрбээр нийт 10 цом өргөж байсан юм.

 

“Би тоглолтын турш маш анхаарал болгоомжтой тоглож, алдаа бага гаргасан” хэмээн Надал тэмцээний дараа хэлсэн юм.

 

Надал анх 2005 онд Бээжинд болдог уг тэмцээнээс түрүү авч байсан юм. Уг анхны түрүүг авч байсан талаар нь асуухад “2005 онд аварга болж байхдаа 2017 онд теннис тоглосоор байна гэж төсөөлж ч байсангүй” гэж хариулсан байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин