Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ олон улсад таниулна
2017-10-10

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурлыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран зохион байгуулах гэж байна.

 

Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

НҮБ-аас гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, Беларусь Улс дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах зэрэг хөтөлбөрүүд тусгагдсан байна.

 

Тус олон улсын хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрчдийн холбоо(IRU), Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг (OSJD), Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцохоор болжээ.

 

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах энэхүү хурлаар Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцох аж. 

 

Мөн “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх талаар салбарын яамнаас мэдээлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: http://mrtd.gov.mn

Shuud.mn
Сонин хачин