Анхны рафтингийн шигшээ эх орондоо иржээ
2017-10-12

 

Монголын рафтингын анхны шигшээ баг  эх орондоо ирлээ. Япон улсын Миоши хотноо Ёшино голд зохиогдсон 22 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон рафтингын спортын анхны шигшээ баг маань 22 орны 71 багийн 500 гаруй тамирчид оролцсон тус тэмцээнээс туршлага хуримтлуулаад эргэн ирж байгаа нь энэ юм. Эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд оролцсон манай баг тамирчид нийт 330 оноотойгоор 17 дугаар байранд оржээ.

 

Уг тэмцээнд эх орноо төлөөлж Монголын Рафтингын Холбооны тэргүүн П.Алтангэрэл тэргүүтэй 10 тамирчин оролцсон. Манай улсын анхны шигшээ багт холбооны нарийн бичиг Ундрахжаргал, холбооны гишүүн Сумъяабазар, багийн ахлагч Банзрагч, Түвшинжаргал, Батзориг, Баасанжав, Зинамэдэр, Төрболд, Марк нар багтан явсан. Хэдийгээр бэлтгэл сайн хангасан боловч анх удаагаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа учраас туршлага дутсан талаар албаны хүмүүс мэдэгдэж байна.

 

Манай улсад шинэ тутам хөгжиж буй усны эрсдэлт спортын төрөл болох рафтингаар эх орноо төлөөлсөн анхны шигшээ багийг Аргентин улсад зохиогдох ДАШТ хуваарийн дагуу хүлээж байгаа юм.

 

ДАШТ-ий эрэгтэй нээлттэй төрөлд Бразилын баг, эмэгтэй нээлттэй төрөлд Япон, эрэгтэй залуучууд төрөлд Турк, эмэгтэй залуучууд төрөлд ОХУ, өсвөрийн эрэгтэйд ОХУ, өсвөрийн эмэгтэй төрөлд Чех, мастеруудын ангилалд эрэгтэйд Япон, эмэгтэйд Шинэ Зеландын шигшээ багууд тус тус түрүүлжээ.

 

Дараагийн ДАШТ Аргетин улсад 10, 11 сарын аль нэгэнд зохиогдоно. Тэмцээний нарийн товыг одоохондоо гаргаагүй байгаа гэжээ.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин