Т.Гантогтох: Иргэд эрүүл хүнсний талаарх мэдээллээр дутмаг байна
2017-10-16

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний хурал яг одоо ХХААХҮЯ-нд болж байна. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан уг хурлыг зохион байгуулж байгаа юм. Хуралд  АШУҮИС, МУИС, ХААИС, ШУТИС-ийн оюутнууд болон салбарын эрдэмтэд оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцуулав. 1981 оноос хойш дэлхий даяар уг өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд манай улс энэ жил анх удаа уг өдрийг тэмдэглэж байна. Цаашид жил бүр тэмдэглэх гэнэ.

 

Эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэн оюутан 300, хоёрт шалгарсан нь 200, гуравт шалгарвал 100 мянган төгрөгөөр шагнуулах аж. Харин тэргүүн байранд шалгарсан эрдэмтэнг нэг сая төгрөгөөр шагнах гэнэ. Хуралд хэлэлцсэн судалгаан дээр үндэслэн хүнсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогод шинжлэх ухаанчаар хандах, тусгах боломжтой аж. Хурлын үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

 

 -Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

 

-Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хангамж, чанар буюу шим тэжээллэг байдал, хүртээмж зэрэг гурван зүйлээр тодорхойлог. Хангамжийг гол нэрийн 13 бүтээгдэхүүнээр тодорхойлно. Үүний 78 хувийг бид өөрсдөө хангаж байна. Манай улс мах, сүү, гурилаар дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг. Харин шим тэжээллэг байдлыг бид ярилцаж байна. Зарим нэгэн амин дэм, эрдэс бодис дутах зэрэг асуудал бий. Үүнд бид анхаарч ажиллах болно.

 

1981 оноос хойш НҮБ-аас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүр  тэмдэглэсэн. Энэ жилийн хувьд “Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриан доор 178 орон тэмдэглэж байгаа. Хүнсний аюулгүй байдлыг хангахад хөдөөгийн иргэдийн оролцоо ямар байхыг тодорхойлохоор ажиллаж байна. НҮБ-ын хүнсний аюулгүй байдлын үзэл баримтлал, манай улсад мөрдөж буй хүнсний аюулгүй байдал зэрэг зүйлийг хэрэгжүүлэхэд оюутан, судлаачдын судлагааг ашиглахад өнөөдрийн хурлын зорилго оршиж байна. Хурлыг ХХААХҮЯ-ны сайдын санаачлагаар анх удаа зохион байгуулж байгаа. Цаашид жил бүр зохион байгуулна.

 

-Хүнсний аюулгүй байдалд анхаарал татахаар ямар асуудал байна вэ?

 

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллаагаа сайжирч байна. Гэхдээ махны үйлдвэрийн хувьд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Үүнд тодорхой бодлого баримтлан ажиллах болно.

 

-Манай улсад хүнсний хэдэн төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна вэ. Үүний хэдэн хувь нь импортынх байна вэ?

 

-Энэ талаарх тодорхой мэдээлэл манайд алга. МХЕГ-т энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байгаа байх. Манай байгууллагын үндсэн үүрэг нь хүнсний аюулгүй байдлын бодлого тодорхойлох.

 

-Сургуулийн ойролцоо эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн борлуулдаг. Үүнд ямар бодлого хэрэгжүүлж, зохицуулалт хийж байна вэ?

 

-Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажилладаг. Бидний хувьд давс, чихэр, өөх зэрэг гурван хорын хэрэглээг багасгахаар ажиллаж байна. Тухайлбал, энэ жил давсны аян өрнүүлсэн. Аян хоёр жил үргэлжилнэ. Аянаар давс, чихэр бага орсон бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж байгаа. Хүнсний үйлдвэр, хоолны газарт давс бага хийх зөвлөмж хүргүүлж байгаа.

 

-Дэлгүүрт борлуулж байгаа олон төрлийн бүтээгдэхүүнээс зөвийг нь сонгоход иргэдийн эрүүл хүнсний талаарх мэдлэг чухал. Иргэдийн энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх ямар ажил хийж байна вэ?

 

-Засгийн газраас “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж “Мах, сүүний анхдугаар аян” зарласан. Хэрэглэгчид эрүүл хүнсний талаарх мэдээллээр дутмаг байдаг. Тиймээс бид үүнийг сайжруулахаар ажиллаж байна. Жишээ нь, 2018 оны нэгдүгээр сараас шошгоны стандарт мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр тухайн бүрээгдэхүүн нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой, эрдэс бодис, шим тэжээлийн хэмжээ зэргийг дэлгэрэнгүй бичих юм.

 

-Цаашид хүнсний аюулгүй байдлыг хангахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

 

-Ирэх жил энэ хурлыг дахин зохион байгуулна. Энэ жилээс эхлэн уг хурлыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ирэх жил хурлыг экспорт руу чиглүүлнэ.

 

-Оюутнуудын илтгэлээс онцлох зүйл юу байв?

 

-Илтгэлийн чанар сайн байна. Бид уралдаанаа тавдугаар сард зарласан ч оюутнууд бага хугацаанд том судалгаа явуулсан байна. ШУТИС-ийн оюутан Ш.Эрхэмбаяр илтгэлдээ 18-21 насныханд “Д” амин дэм дутмаг байгааг судалгаатай дурдлаа. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Манай улсад Баяжуулсан хүнсний тухай хууль бий. Д витаминаар сүүг баяжуулах уу, тосоо баяжуулах уу гэдгийг энэ хуулинд тулсгах шаардлага тулгарч байна. Бодлогоор үүнийг дэмжинэ. Оюутнууд маань судалгаагаа илүү боловсронгуй болгох, илүү өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй байна.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин