Монголын шигшээ баг Японд бэлтгэл хангаж байна
2017-10-17

 

Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдрөөс Япон улсын Окинавад хамтарсан бэлтгэл хийж эхэллээ. Ням гарагийн өглөө эх орноосоо мордсон залуус энэ сарын 23-ыг хүртэл Япон улсад бэлтгэл хийх аж.

 

Багийн менежер Б.Энхжин энэхүү бэлтгэлийн талаар хэлэхдээ: “Ахлах дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор анхныхаа албан ёсны тоглолтыг 10 сарын 05-нд Тайваньтай хийсэн үндэсний шигшээ цаашид амжилт гаргахын тулд нэгэн баг болж нэгдэх хэрэгтэй. Тиймээс энэ мэт хамтарсан бэлтгэлүүдийг хийж, нөхөрсөг тоглолтуудад оролцож байгаа” гэсэн байна.

 

Шигшээ баг ирэх 11 сард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр албан ёсны нөхөрсөг тоглолт хийх нөхцөл бололцоо хайж байгаа гэнэ.  Шигшээ баг ирэх 2018 оны 07 сард Зүүн Өмнөд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Иймээс тухайн тэмцээнээс өмнө ОУ-ын тоглолтууд аль болох олон  хийх нь тэдний хувьд том бэлтгэл болох юм.

 

МХБХ, Японы ХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд үндэсний шигшээ энэхүү бэлтгэлийг хийх боломжтой болсон аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин