С.Болормаа: Зээлгүй иргэд ядууралд илүү өртөж байна
2017-10-17

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны дүнг танилцууллаа. ҮСХ нь ядуурлын судалгааг хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Энэ удаагийн судалгаа нь ядуурлыг аймгийн түвшинд тооцож гаргаснаараа онцлог ажээ. Судалгаагаар 2016 оны байдлаар Монгол Улсад ядуурал 29.6 хувьд хүрч 8.0 пүнктээр өсчээ. Энэ нь нийт хүн амын 907.5 мянган нь ядуу амьдарч байна гэсэн үг юм.  

Харин хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал нэмэгдсэн байна. Энэ үеэр ҮСХ-ны Хүн амын статистикийн газрын статистикч С.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ядуурлыг хэрхэн тогтоосон бэ?

 

-Бид Монгол Улсын хүн амын ядуурлыг хэрэглээнд нь үндэслэн тогтоосон. Нэг хүн сард хүнсэндээ, хувцсанд, боловсрол, түлш, байрандаа хэдэн төгрөг зарцуулж байгаагаар тооцсон. Ядуурлын шугам гэдэг үзүүлэлт нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангах хэмжээний зардлыг хэлдэг. Энэ зардлаас бага хэрэглээтэй хүнийг ядууд тооцсон.

 

-Ядуурлын шугамын дагуу дундаж амьжиргаатай иргэн хэрэглээндээ сард хэчнээн төгрөг зарцуулдаг юм бэ?

 

 -Ядуурлын шугамыг 146 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ хэмжээний мөнгийг сарын хэрэглээндээ зарцуулж чадахгүй байвал ядуу ангилалд орж байгаа.

 

-Ядуу ангилалд орсон иргэд дундаж хэрэглээнээс хэдэн хувиар бага мөнгө сард зарцуулж байна вэ?

 

-Ядуу бус хүн сард 290 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулж байгаа бол  ядуу хүн үүнээс 2.7 дахин бага мөнгө сарын хэрэглээндээ зарцуулж байна.  

 

-Судалгаанаас харахад орон нутагт ядуурал хамгийн их байна. Энэ нь юутай холбоотой вэ?

 

-Ядуурал ихсэхэд юу нөлөөлж байгааг нэлээд судалсан. Судалгаанаас харахад өрхийн орлого нөлөөлж байна. Тодруулбал, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой.

 

-907.5 мянган хүн ядуу гэсэн ангилалд оржээ. Эдгээр иргэн банкны зээлтэй байна уу. Судалгаанд хамрагдсан иргэдийг хэрхэн сонгосон бэ?

 

-Зээлтэй иргэд ядууралд өртөх нь бага байна. Харин зээлгүй иргэд ядууралд илүү өртөж байна. Зээл гэдэг нь тухайн хүний чадамжийг илэрхийлдэг. Хувь хүн орлого, хэрэглээтэй байж зээл авдаг. Тиймээс зээлийг ядуурлын эсрэг ойлголт гэж үзэж болно. Судалгаанд хамрагдсан иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Судалгаанд 16488 өрхийг хамруулсан. Ингэхдээ улс болон бүсийг төлөөлөх байдлыг харгалзан сонгосон.

 

Р.Дулам

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
UURHAIN NOOTSIIG HENCH ZUV BICHIJ NIITELJ CHADDAGGUI YUM
2017-10-17