Энтони Жошуагийн өрсөлдөгч солигдов
2017-10-18

 

Их Британийн хүнд жингийн боксчин Энтони Жошуа (19-0) мэргэжлийн замналаа эхлүүлснээс хойш ялагдал амсаагүй байгаа. Өдгөө мэргэжлийн боксын WBA, IBF, IBO холбоодын хүнд жингийн Дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа тэрбээр Болгарын тулаанч Кубрат Пулевын эсрэг тулахаар байсан. Хэдийгээр тулааны товыг энэ сарын 28-ны өдөр хэмээн зарлаад байсан ч уг тулаан цуцлагдсан байна.

 

Учир нь 36 настай Болгар эр бэлтгэлийн үеэр мөрөө гэмтээж, хуваарьт тулаанаас өмнө эдгэрэхгүй нь тодорхой болсон аж. IBF холбооны чансааг тэргүүлж байгаа К.Пулевын хувьд мэргэжлийн замналаа ердөө нэг л удаа ялагдал амссан шилдгүүдийг нэг юм.

 

Уэльсийн Кардифф хотод болох байсан уг тулааны тасалбар бүхэлдээ зарагдаж дууссан учраас зохион байгуулагч холбоод хүнд асуудалтай нүүр тулсан байна. Улмаар тэд К.Пулевын оронд түүнтэй дүйх хэмжээний өрсөлдөгчийг олж чадсан аж. Энэхүү тулаанч нь 36 настай Франц эр Карлос Такам болсон байна.

 

Камерун гаралтай тэрбээр өдгөө IBF холбооны хүнд жингийн чансааны 3-р байранд бичигдэж байгаа бөгөөд мэргэжлийн замналдаа 39 тулаан хийж, 35 ялалттай гарч ирсэн аж.  

 

Хэдийгээр энэхүү өөрчлөлт Энтони Жошуад багагүй хүнд тусах ч Британи залуу тулаанд бэлэн байгаагаа хэлжээ. Тэрбээр ирэх долоо хоногт болох тулааны өмнө бэлтгэлийн хэмнэл, арга барилдаа багагүй өөрчилнө гэдгээ ч хэлсэн байна.

 

Хоёр тамирчны тулаан энэ сарын 28-ны бямба гарагт Уэльсийн Кардифф хотын Миллениум цэнгэлдэхэд болно. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
creed:
creed
2017-10-18