Төсвийн тодотголыг энэ долоо хоногт хэлэлцэн батална
2017-10-23

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган байнгын хороогоор хэлэлцэх асуудал, Отгонтэнгэр сураггүй болсон уулчдын талаар мэдээлэл сонсож, байнгын хороодын дарга нарын томилгоог хэлэлцлээ. Бүлгийн дэд дарга Я.Содбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Ирэх оны төсвийн төсөлд өмнөх өргөн баригдсанаасаа хэр өөрчлөлт орж байна вэ?

 

-2018 оны төсвийг энэ долоо хоногийн сүүлчээр Засгийн газар өргөн барина. Харин энэ оны төсвийн тодотголыг энэ долоо хоногт хэлэлцэн батална.

 

-Дэд сайдын асуудал бүлгийн хурлаар яригдсан уу?

 

-Дэд сайд нарын асуудлыг яриагүй.

 

-Сураггүй болсон уулчдын талаар гурван цогцос олдсон гэж үнэн үү?

 

-Отгонтэнгэрт сураггүй болсон уулчдын талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонсож байх үед “гурван цогцос олдсон” гэх мэдээлэл ирсэн. Үүнийг эргэж холбогдоод тодруулж мэдээлэл өгье гэсэн.

 

-Төсвийн албан хаагчдын цалинг нэмэх болов уу?

 

-Одоогоор өргөн баригдаагүй байна. ОУВС зэрэг олон улсын байгууллагатай Засгийн газар хэлэлцээр хийнэ. Ирэх оны төсвийн төслийг өргөн барихаар энэ асуудал тодорхой болно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин