МХБХ-ны футзалын улирал ирэх сард эхэлнэ
2017-10-24

 

Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Монголын хөлбөмбөгчид танхимын тэмцээнүүдээ эхлүүлдэг. Тэгвэл өчигдөр МХБХ-ноос 2017-18оны футзалын улирлын нэгдсэн хуваариа танилцууллаа.

 

Энэ улирлын хамгийн эхний тэмцээн 11-р сарын 11-ний өдөр футзалын УАШТ-ээр эхлэх юм. Тус тэмцээнд эхний 9 байр эзэлсэн баг энэ улирлаас шинээр зохиогдох болсон “Футзалын Нэгдүгээр Лиг”-т өрсөлдөх эрхтэй болох гэнэ.

 

Харин “Пепси Лиг” 11-р сарын 19-нөөс эхлэн 7 хоног бүрийн Ням гарагт явагдана. Энэ жилийн “Пепси Лиг”-ийн онцлог нь багууд анх удаа 2 тойрог өрсөлдөж, 3-р сарын 31-ний өдөр өндөрлөх гэнэ.  Улмаар “Пепси Лиг”, “Футзалын Нэгдүгээр Лиг”-ийн хооронд багууд дээш дэвшиж, доош унах систем бүрдэх юм. Үүнээс гадна 16, 19 насны лигүүд 7 хоног бүрийн Баасан, Бямба гарагуудад зохион байгуулагдах болсон байна.

 

Тэгвэл бусад УАШТ-үүд ахмад, насанд хүрэгчид, хөвгүүдийн 19, 16, 14, 12, 10, охидын 16, 14, 12, 10 гэсэн насны ангиллуудаар явагдах болсон байна. Эдгээрээс Хөвгүүдийн 16 насны футзалын УАШТ онцгой анхаарал татаж байна. Учир нь энэ тэмцээн нийслэл хот болон хөдөө орон нутагт гэсэн 2 төрлөөр зохиогдох аж. Энэ тэмцээнд эхний 10 байр эзэлсэн баг “U16 Футзалын Лиг”-т өрсөлдөх эрхтэй болох гэнэ.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин