Үндэсний хуримтлалын бэлгэдэлтэй боллоо
2017-10-24

 

Монгол Улс Үндэсний хуримтлалын бэлгэдэлтэй боллоо. Монголбанк “Санхүүгийн боловсрол” аянг энэ сараас эхлэн улс орон даяар эхлүүлээд байгаа. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үүднээс зохион байгуулж буй уг аян гурван сар үргэлжилнэ.  Аяны эхний сарыг “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулж байгаа юм байна.  Аравдугаар сарын 31-ныг дэлхий даяар “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэдэг.  Түүнчлэн уг өдрийг 1924 оноос эхлэн тэмдэглэхдээ хүүхдүүдэд бага наснаас нь хуримтлал үүсгэх дадалд хэвшүүлэх, түүний ач холбогдлыг банк санхүүгийн байгууллагаас сурталчлан таниалсаар иржээ.

 

Харин манай улс энэ жилээс эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, уг өдрийг “Үндэсний хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж байхаар боллоо. Тус өдөрт зориулж улс үндэстэн бүр өөрийн ёс заншил, ахуй соёлдоо нийцсэн бэлгэдлийг Хуримтлалын өдрийн бэлгэдэл болгосон байдаг бол Монгол Улс ч мөн өөрийн бэлгэ тэмдэгтэй боллоо. 

 

Монгол Улсын хуримтлалтын бэлгэ тэмдэгээр тэмээг сонголоо. Тэмээ нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэгч гэдэг утгаар мөн бие махбодийн хувьд  бөхөндөө ус нөөцөлж чаддаг нь ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадвартай зэрэгийг онцолжээ.

 

Иймд ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлтэй нөхцөлд  санхүүгийн хувьд бэлэн байх мөн санхүүгийн нөөц бий болгох зорилгоор хуримтлал үүсгэхийн ач тусыг “Тэмээгээр” дүрслэн бэлгэдсэн гэнэ.  

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтан Монгол Улсын хуримтлалын бэлгэ тэмдгийг сурагчдад таниулах сургалтыг Монголбанк олон улсын байгууллагатай хамтран  өчигдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн V ангийн сурагчид хамрагдсан бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг тайлбарлаж, “Хуримтлалын авдар”, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө” төсвийн дэвтэр, санхүүгийн боловсрол олгох зурагт номыг тус тус дурсгав.  

Мөн “Хуримтлалын сар”-ын хугацаанд ерөнхий боловсролын 14 сургуулийн 500 гаруй сурагчдад дэлхийн хуримтлалын өдрийн талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулах юм байна.

 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин