3х3 сагсан бөмбөгөөр Азийн аварга боллоо, одоо Олимп...
2017-10-30

2020 оны Токиогийн Олимпын төрөлд багтаад байгаа 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гаригаас эхлэн "Crocus event hall"-д явагдаж, өндөрлөлөө. Азийн шилдэг багууд болон Австрали, Шинэ Зеланд нарын хүчирхэг 15 эрэгтэй, 12 эмэгтэй баг өрсөлдсөн уг тэмцээнд манай баг тамирчид гайхалтай тоглолтоор үзэгч олноо баясгаж амралтын өдрүүдэд бэлэг барилаа.

 

 

Манай эмэгтэй баг тамирчид хэсгийн тоглолтондоо хүчирхэг БНХАУ болон Шри Ланкын багуудтай учраа таараад байсан. Эхний тоглолтондоо БНХАУ-ын багийн эсрэг талбайд гарсан манай охидууд  16:14 гэсэн онооны харьцаатайгаар Дэлхийн чансааны 6, Азийн чансааны нэгт эрэмбэлэгдсэн хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан. Харин хоёр дахь тоглолтондоо Шри Ланкын багийг 22:10-аар буулган авч үзэгчдийг баясгасан. Харамсалтай нь хасагдах шатны тоглолтоо нуруулаг Энэтхэгийн багийн эсрэг хийж 16:14 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Манай багийг хожсон Энэтхэгийн баг Малайзын багт өвдөг сөхөрсөн байна. Улмаар эмэгтэй алтан медалийн төлөө Австрали болон Малайзын багууд учраа таарсан бол БНХАУ-ын баг болон Энэтхэгийн багууд хүрэл медалийн төлөө тоглосон. Хүрлийн төлөөх тоглолтод БНХАУ-ын баг Энэтхэгийн багийг 21:16 харьцаатай буулган авсан бол алтан медалийг Австралийн баг Малайзын багийг 21:15 харьцаатай хожсоноор энгэртээ гялалзууллаа.

 

Тэгвэл эрэгтэй багийн тухайд хэсэгтээ Дэлхийн чансааны 13, Азийн чансааны номер нэг багийг 21.16 харьцаатай буулган авч эхний сенсацийг тарьсан. Улмаар хоёр дахь тоглолтондоо Бахрейн улсын шигшээ багийг 22:11 гэсэн онооны харьцаатай дутуу гаргасан юм. Ингээд шигшээ багийн залуусаас хүлээх хүлээлт ч гэсэн их болж ирсэн. Энэ итгэлийг ч алдалгүй хасагдах шатны эхний тоглолтоо Тайваний багийн эсрэг илт илүү хийж дуусгасан. Манай баг Тайваний багийг 21:13 харьцаатай буулган авч улмаар 1/4-ийн шигшээ тоглолтондоо Австралийн багийн эсрэг зогссон. Гайхалтай өрсөлдөөнтэй өрнөсөн уг тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон. Нэмэлт цагт Э.Дөлгөөний шидэлтээр манай улс аваргын алтан медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглохоор болсон юм. Дэлхийн чансааны 19 дүгээр байранд бичигдэж буй Шинэ Зеландын баг хасагдах шатанд Казахстаны багтай мөн л хүнд тоглолт хийж нэмэлт цагт буулган аваад байсан юм.

 

Тоглолт эхнээсээ сонирхолтой, өндөр хэмнэлтэй, байрлалын төлөөх тэмцэл ихтэй болж байлаа. Тоглолтын сүүлийн 3 минут руу манайх 2 онооны давуутай орсон. Гэхдээ багийн алдаа 7 болсон нь хүндхэн зүйл болж байлаа. Учир нь дүрмийн дагуу багийн алдаа 7-оос дээш болсон тохиолдолд алдаа бүрт 2 торгуулийн шидэлт гүйцэтгэдэг юм. Эсрэг багийн төвийн тоглогч нь 210 см өндөртэй байсан нь алдаа их гаргасан гол шалтгаан болж байлаа. Ингээд цаг дуусахад 01:22 минут дутуу байхад өнөөх төвийн тоглогч хоёр шидэлтээ амжилттай болгож тоог тэнцүүлээд байх үед Г.Цэнгүүнбаяр холын шидэлтээ алдаатай амжилттай болгож нэг довтолгоогоор гурван оноо авсан юм. Ингээд гурван онооны дараа дахин нэг сайн хамгаалалт хийж Г.Цэнгүүнбаяр дахин нэг холын шидэлтээ амжилттай болгов. Улмаар энэ онооны давамгайллаа хадгалж явсаар үндсэн цагт 19:14 харьцаатай эсрэг багаа өвдөг сөхрүүлж, Азийн аварга боллоо. Энэ бол насанд хүрэгчдийн багийн спортын төрөлд манай улсын гаргасан хамгийн том амжилтуудын нэг байлаа.

 

Уг тэмцээний эрэгтэй хүрэл медалийг Австралийн баг Казакстаны багийг 21:18 гэсэн онооны харьцаатай буулган авснаар хүртсэн юм.

 

Азийн аваргад өндөр амжилт үзүүлсэн багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын тоглогчид багтан тоглосон. Уг бүрэлдэхүүний хувьд 3х3 сагсан бөмбөгөөр Дэлхийн их дуулгын цувралуудад Улаанбаатар Хангарьд нэртэйгээр өрсөлддөг багийн тамирчид билээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажилласан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Erdene:
Unekheer goyo toglolt bolson. Mash kholoos zardal gargaad Mongold irj baigaa gadaad oronuudyn tamirchdyg khundetgekh kheregtei!!! Gudamjny gej khelj bolokhgui ee! Asar ikh avkhailj sambaa shaardsan goyo toglolt bolson shuu dee!!!
2017-10-30
Зочин:
Жинхэн сагс тоглоочээ! Энэ 3х3 бол мини футбол гэдэг шиг зүгээр л гудамжны хүхдийн тоглоомон зуга. Сайн тоглогчид 3х3 тоглодоггүй юм. Ологтой чанартай тэмцээнд ордоггүй.
2017-10-30
zochin:
azida l gehees yun olimp ve, barahgui sh de, jaahan amjilt uzuuleed ehlenguut n huuhduudiig hudla huuruhgduj ongirooj setgehuigeer n bitgi ingej togloo, gashuun turshlaga olon bii shuu
2017-10-30
Зочин:
Uuniig bol Mongol yalsan gej helj bno...
2017-10-30
Зочин:
Эвтэй бол хүчтэй, Нэг санаа нэг зорилгын төлөө урагшаа АМЖИЛТ
2017-10-30