Оргилд авирахыг хориглох биш хөгжүүлэх хэрэгтэй
2017-10-30

Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр уулчдын холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин  Отгонтэнгэр ууланд амь эрсэдсэн 17 уулчдын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлж, уулчдын холбооны үйл ажиллагаа, уулын спортын талаар уулчдын саналыг сонслоо.

 

“Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг:

 

-Уулсын спортын клуб, холбоод цаашдаа ОБЕГ-тай хамтарч ажиллах нь зүйтэй болов уу. Манай клуб ОБЕГ-тай санамж бичиг байгуулан ажилладаг. Цаашдаа өндрийн оргилыг хориглох гэхээсээ хөгжүүлэх нь чухал. 4000 метрээс дээш өндөртэй оргилууд олон улсад бүртгэлтэй. Олон улсаас ирж авиралт хийдэг. Тиймээс спорт гэдэг талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэнд аврах баг ажиллуулж, цаг агаарын байдлыг байнга хянадаг,  зохих хэмжээний төлбөртэй байх нь зүйтэй. 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Отгон суманд зуны улирал өдөрт 98 машин ирдэг. 500 гаруй хүн ирдэг гэсэн үг. Орон тоо гарган ажиллуулахад төсвийн асуудал үүсдэг гэнэ. Манайд гаднын аялагчид мэргэжлийн байгууллагаар дамжин ирэхээр тавьж байгаа шаардлага, ном журмыг дагадаг. Харин монгол аялагчид зөрчих нь их байдаг гэсэн. Тиймээс энэ асуудлаар журам баталж, орон тоо гаргах хэрэгтэй гэдэг санал тавьсан. Бид аялалын  журам, стандартаа эхлээд батлах хэрэгтэй. Орон тоо, аюулгүй байдлын тухайд яам ажиллана.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хоёр яамны хамтраад журам гаргахад хариуцлагатай ажиллана. Асуудлыг болоод өнгөрсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллахад анхаарна. Уулын спорт бол аялал жуулчлалын нэг том субъект болсон. Монгол орон байгалийн унаган төрхөөрөө аялагчдын сонирхлыг татаж байгаа учир иж бүрэн стандартыг бий болгоход анхаарна. Нөгөөтэйгүүр ард иргэд уулын спортыг нийтийн биеийн тамирын журмаар хөгжүүлж байгаа. Тиймээс төр, засгийн зүгээс энэ чиглэлд ажиллана.

 

Уулчдын үндэсний холбооны тэргүүн Б.Тулга:

 

-Уулчдаа сургаж бэлтгэх тал дээр бид анхаарах ёстой.  Уулын холбоонд төсөв, санхүүгийн асуудал гардаг. Төр, засгийн зүгээс гарч  байгаа зарим тогтоол шийдвэр бодит амьдрал дээр хэр хэрэгжих вэ гэдгийг бодолцох ёстой. Аялал жуучлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл хөгжих спорт юм. Иргэд алхалт хийж байна. Тиймээс үүнийг төр засгийн зүгээс дэмжих хэрэгтэй байна.  Уулын ангилал бидэнд байдаггүй. Ахмадууд уулчдаас маань ч  салбарын хөгжлийн асуудалд та бүхнээс хамаарч байгаа шүү.

 

Уулын спортын олон улсын мастер Д.Чагнаа:

 

-Бид энэ спортыг хөгжүүлэхэд орос улсаа түших хэрэгтэй. Манайх топ дөрвөн спорт гэж хуйлраад байдгаас биш ард түмний бие, оюуныг хөгжүүлэх спорты хаясан. Цаашдаа юу хийх вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газар жолоодох хэрэгтэй. Клуб, холбоод Засгийн газрын зөвшөөрлөөр ажиллаж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tsag uee oloogui buruu ued zohion baiguulsan ayalaliin kompanid yamar hariutslaga huleelgeh ve.
2017-10-31
зочин:
Аюулгүй байдлыг нь онцгой анхаарах хэрэгтэй, энэ мэт осолдоод байвал бидний цөөхөн монголчуудад хэцүү шүү дээ.
2017-10-30
zochin:
turiin tahilgatai uuluudad avirahiig n horiglo eruusuu aviruulahgui baih heregtei
2017-10-30