Мадрид, Каталоны тэргүүнд 25 жилийн ял төлөвлөжээ
2017-10-31

Испанийн эрх баригчид Каталоны тэргүүн Карлес Пучдемонтын эрх мэдлийг цуцалж, тус мужийг шууд Мадридаас удирдахаар боллоо.

 

Карлес Пучдемон

 

Мөн Мадрид, Каталон мужид “хууль бусаар бүх нийтийн санал асуулга” зохион байгуулж, иргэдийг төр засгийнхаа эсрэг тэмцэхийг уриалсан, бослого хийсэн хэмээн хэрэг үүсгэж Карлес Пучдемонтад 25 жилийн ял төлөвлөөд буйгаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Карлес өөрийгөө “Каталоны тэргүүн хэвээр байгаа” хэмээн мэдэгдэж, “ямар ч хамаагүй аргаар зорилгоо биелүүлэх болно” гэж хэллээ. Тэрбээр мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан Мадридтай харилцах болно гэв.

 

Карлес Пучдемонтын эрх мэдлийг Мадрид түтгэлзүүлсний дараахан Белгийн Цагаачлалын албаны сайд Тео Франкен түүнд улстөрийн орогнол олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар түүний өмгөөлөгч “Бид хараахан шийдэлд хүрээгүй байгаа. Тун удахгүй энэ талаар албан ёсоор мэдээлэл хийнэ” гэж мэдэгджээ.

 

Каталон муж улсад энэ сарын эхээр тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалт болсон. Санал хураалтад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Каталоныг тусгаар, бие даасан улс болох”-ыг дэмжсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин