Себастьен Ожье Дэлхийн аваргын болзол хангав
2017-10-31

 

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 12 дахь уралдаан Их Британид боллоо. Энэ жил ДАШТ-ий хуваарьт нийт 13 уралдаан багтаад байгаа учраас энэхүү уралдааны үр дүнд Дэлхийн аваргын нэр тодрох боломжтой байсан.

 

Уэльсийн Дисайд орчмын шороон замд болсон тус ралли 3 өдөр үргэлжилсэн бөгөөд тамирчид нийт 21 шатны уралдаан хийж, 304.3 км зайг туулсан байна. Уралдааны ялагчаар нутгийн тамирчин Эльфрин Эванс тодорсон байна. 2 дахь шатнаас эхлэн тэргүүллийг авч чадсан Британи эрийн хувьд 2 цаг 37 мин 0.6 секундын амжилтыг үзүүлсэн юм. Эм Спорт багийн гишүүний хувьд энэ жилийн тэмцээнээс анхны ялалтаа авсан нь энэ байлаа.

 

Харин уралдааны дэд байранд Бельги нисгэгч Тьерри Нэвилл оржээ. Финляндын раллигийн үеэр асуудалтай тулгарч барианд орж чадаагүй тэрбээр өөрт үлдсэн багахан боломжоо ашиглахыг оролдсон нь энэ байсан. Гэсэн ч түүний Дэлхийн аваргын мөрөөдөл Их Британийн раллигаар дуусгавар болсон юм. Учир нь тэмцээнийг тэргүүлэгч Францын тамирчин Себасьен Ожье Их Британийн раллигийн  3-р байрыг эзэлснээр нийтбэр 215 оноотой болж Дэлхийн аварга цолны болзлоо хангасан байна. Сүүлийн 5 жил дараалан Дэлхийн аварга болж байгаа тэрбээр дэд байранд байгаа Бельги эрээс 32 онооны зөрүүтэй холдож чадсан тул сүүлийн раллигийн үр дүнгээс үл шалтгаалж Дэлхийн аварга болж байгаа аж.

 

 Нутгийн домогт тамирчин Себастьен Лоебын халааг авсан 33 настай Франц эрийн хувьд 2013 оноос хойш завсаргүй түрүүлэхдээ нийт 65 удаа шагналын тавцанд гарсан аж. Үүнийг 50 нь тэргүүн байрын индэр байжээ. Мөн тэрбээр 500 шатанд тэргүүлж, 1732 оноог цуглууж чадсан байна.

 

Харин ДАШТ-ий зохион бүтээгчдийн цомыг Их Британийн Эм Спорт багийнхан хүртэх болжээ. Форд Фиеста загварын машинаар уралдаж байгаа тэд Их Британийн раллигаас нийт 40 оноо авснаар нийлбэр 398 оноотой болж цомын эзэн болох нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл тэд Их Британид зорилгоо бүрэн биелүүлж Раллигийн ялалтаа авч, Дэлхийн аварга болон зохион бүтээгчдийн цомоо хүртэх нь тодорхой болсон аж.

 

2017 оны Раллигийн ДАШТ-ий сүүлийн уралдаан 11-р сарын 17-19-ны өдрүүдэд Австралийн Нью Саут Уэльс мужид болно.

 

Г.Баяраа

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин