ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжив
2017-11-01

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед завсарлага авч хойшлуулсан. Тиймээс дараагийн асуудал болох ҮХЦ-ийн 06 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. 

 

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

 

Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс  "“Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн заалтыг  10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцжээ. 

 

 

Ингээд байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж зөвшөөрөх санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжив. Ийнхүү Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин