ТЭМЦЭЛ өмчлөх ӨВЧИН
2017-11-02

Ажил хаялт болно, болохгүй. Цалин нэмнэ, нэмэхгүй. Эргүүтсэн мэт ийм мэдээлэлд эцэг эхчүүд, багш нарын цалин нэмүүлэх тэмцлийг нь алсаас дэмжиж суугаа жирийн багш нар бүгд төөрөлдөв.

 

Хамгийн сүүлд гурван талт хэлэлцээрийг орхин гарч баатарласан хэсэг нөхөд бол Боловсролын салбараа барьчихсан ҮЭ-ийн холбооныхон гэнэ.  Дээрээ удирдлагатай, том ҮЭ-ийнхээ нэг салбар нь гэж ойлгогдлоо. Сүүлийн хэд хоногт багш нарын тэмцлийн ир ханаж, засаг зохицох арга зам хайсны дараа гэнэт баатарлаж, хурал зарладаг өнгөт зангиатай нөхөд үржих шинжтэй.

 

 

Багш нар анх ажил хаяхдаа эргэлзэж байсан гэдэг. Эв нэгдэлгүйдээ биш. Бяцхан шавь нараа гэнэт хаячихаас бэргээд байна гэж хэлдэг. Энэ нь өнөөх суурь хүмүүжил гэдэг шиг багш нарын шавиа гэсэн зөв совинтой холбоотой ч байх. Харин  Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо бол энэ сарын 13-ны өглөө олон мянган багш нар үг дуугүй ажил хаяна гэж хэвлэлийн хурал зарлав.

 

Нөгөө талд цалин нэмүүлэх хөдөлгөөнийг эхлүүлж бор зүрхээрээ тэмцэж, ядахад 50 хувь нэмэх дээр дуугүй зөвшөөрүүлж засгийн чихийг зөөлхөн болгосон гавьяатай Багшийн цалин нэмүүлэх түр хороо гэж байна. Ер нь бол 1.5 саяас эхэлсэн цалин нэмэгдүүлэх тэмцэл 50  хувь дээр бодитой харагдаад эхлэнгүүт энэ гавьяанд эзэн сууж, сүүлийн цэгийг хатгаж баатарлах амбицтай юмнууд их болж байгаа харагдана. Тэд сүүлийн хурал дээрээ цалин нэмүүлэх түр хорооны багш нар ихэнх нь манай холбооны гишүүд байгаа гэж найрсгаар тэмцлийг нь “өмчилж” байгаа харагдана.  Олон жил өрийн сүлжээнд үгээ барж яваа багш нарынхаа төлөө энэ том холбоо өмнө нь дуугарахгүй юу хийгээд бүгээд байсан юм бол доо. Үүнийг гишүүдийнхээ татвараар дутах юмгүй сууж, толгой гэдгэр явдаг ҮЭ-ийн олон төлөөлөгч, салбар хороодын дарга нараас асуумаар. Ичээмээр байгаа юм. Тулаан шахуу юм болж, зориг гарган суулт хийж арай гэж ялалт эргэн, өндөрлөг дээр тугаа хатгах болохоор үзүүрээс нь барьж зургаа авахуулах  гэж булаацалдсан  хурган дарга, тэмцэгчид олширдог. Ийм бэртэгчин сэтгэлгээ ядаж эрх хамгаалах байгууллагуудын дарга нарт арга барил болчихвол яаж өөдлөх вэ.

 

Ардчиллаа сайн ойлгоогүй тул буруу тэмцэж байна. Анархист байна. Нийтийн эрх ашиг хуулийг дээдлэхгүй байна гэх зэргээр олон нийтийн аливаа хөдөлгөөн тэмцлийг бүдгэрүүлэхдээ төр нийгэм шилжилтийн үед байна гэж тайлбарлаж ирсэн. Нэг бол олон нийтийн эсэргүүцэл , иргэний аливаа хөдөлгөөний эрчийг сулруулах, тараах хагалах бутаргах зэрэг  хуучин НАХЯамны түвшинд авч үзэхээр арга барилыг захын  хэдэн зальтай нөхөд иргэний хөдөлгөөн холбооны нэр барьж хийдэг болсон. Үнэхээр тэмцэгчид нь нэгдэн улаан ч юм уу клуб холбоо байгуулаад асуудал тавиад эхлэхээр дэргэд нь арай бүдэг ягаан өнгөтэй хамтлаг байгуулчихсан адилхан хүзүүний зүүлттэй нөхөд гараад ирдэг. Яг адилхан шаардлага тавьж, эрхээ хамгаалж нөгөө талтай аймаар тэмцэж алалдах шахуу юм ярьж, бархирч эхэлдэг. Тэгснээ өөрсдөдөө ашигтай хямдхан тохироогоор бушуухан буугаад өгчихдөг. Ардаа яг тэмцэх шаардлагатай бүлгийн зориг хүслийг уландаа гишгэж, өөрсдөө албан тушаал мөнгө шагнал чирээд зайлдаг. Энэ бол нийгмийн паразитуудыг шахах, тайван замаар цэвэрлэгээ явуулах олон нийтийн зүй ёсны дургүйцэл, үндэслэл бүхий шаардлагыг бүдгэрүүлж, тэмцлийн эрчийг сулруулж, тэдэнд олон нийтийн зүгээс ирж буй дэмжлэг, нэр хүндийг нь унагаадаг тоочиж баршгүй хорт уршигтай үзэгдэл дээ. Заримдаа энэ нь цаанаас маш нарийн төлөвлөсөн зохион байгуулалттай явуулгаар илэрдэг. Тэгээд ч олон нийтэд ашиг тус багатай тохироонд маш  амархан хүрдэг. Эрс шийдэмгий тэмцэнэ гэж анхааралд өртөөд, дэндүү хямдхан сайндаад явчихдаг энэ дүр зураг ҮЭ-ийн сүүлийн үеийн үйл ажиллагаанаас нэвт үнэртээд болдоггүй. ҮЭ нөгөө талаар эрх баригчдын гар хөл болж байгаа гэж хардахаар.  Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны тэмцэгчид багш нараа гэнэт ойлгож орж  цалинг тавин хувь нэмэх эцсийн ганц шаардлага гэж зарлалаа. Миний сонссоноор бол багш нарын онц их хурлаас төрд хүргэсэн боловсрол сургалтын чанарыг нэмэгдүүлэх талаар салбарын яамандаа хаягласан бодлого зохицуулалтын олон шаардлага цалингийн цаана байгаа гэдэг.

 

 

Багш нарын тэмцлийг ялалтад ойртуулсан жирийн багш нарыг  бодвол ҮЭ нь том мөнгөтэй, төрд нөлөөтэй юм. Гэхдээ Багшийн цалин нэмүүлэх түр Хорооны шийдэмгий тэмцэл, богино хугацаанд  амжилтад хүрсэн нь ҮЭ гэдэг байгууллага сүнс төдий болчихсоныг нийгэмд харуулсан. Хэрэг дээрээ тэднийг ажилгүй болгох шахсан. Олон нийтийн шүүмжлэл сошиалд ширүүсээд эхлэхээр ҮЭ-ийн дарга нар туг бариад гоё ороолтоор жигдрээд, мөнгөөр зодож хэвлэлийн хурал ойрхон зарлаад байгаа харагдлаа. Ж.Эрдэнэбатын засаг байгууллагдаад 7 төрлийн татвар нэмэх ч цалин нэмэхгүй гэж ОУВС-тай гэрээ хийж байхад гурван талт гэрээгээ бариад ширүүхэн дуугараад ирэх байгууллага бол ҮЭ байсан. Ёс төдий мэдэгдэлтэй, гар хөлөө тушуулсан мэт сууцгаасан. Одоо бол амрах завгүй тэмцэх болжээ. Тэмцэлд ч гэлээ өрсөлдөөн байх ийм сайхан. Ажилчдын эрх ашгийг хамгаалах ариун зорилготой “Монопол” байгууллагыг халсантай адил үр дүнг багш нарын эв нэгдэлтэй тэмцэл үлдээлээ. Энэ бол Багшийн цалин нэмүүлэх түр Хорооны хамгийн том гавьяа.  Тэд унтаа болсон холбоог сэрээлээ. Нийгмийн дүлий хүлцэнгүй хэмнэлд ч өөрчлөлт орууллаа. Улс орон байна даа. Эдийн засаг тэлж, цалин нэмэгдэх өдөр ирнэ. Харин нийгэмд олноор шигдсэн жижиг улс төр хөөсөн паразитуудаас тийм амархан, санасан төдий салахгүй.

 

Дахин хатуухан хэлэхэд  багш нарын үлгэр жишээ тэмцлийн ард гээгдэхээс айсан манай ҮЭ-ийн дарга нар ганц сарын дотор  жинхэнэ тэмцэгчид болж хувирлаа. Ажилчид бид эрх хамгаалуулдаг байгуулагынхаа хэдэн дарга нарын нэрийг овоо үсэглэж эхэллээ. Ахмадын холбооны цогт тэмцэгч Г.Баасан, мөнгө далладаг нөгөө авгай нарын нэрийг бол бид аль хэдийн цээжилчихсэн суугаа улс шүү дээ. 

 

Шулуухан хэлэхэд арван лангийн төсөл төрөөс авчихаад цаашаа хардаг дарга нартай эрх хамгаалах байгууллагабайхадбид дарлуулаад суухаас яахав. Ер нь бол ҮЭ байгууллага шиг олон хөдөлгөөнүүд шат шатандаадүлийрсэн, билэг тэмдгийн төдий ажлаа явуулдаг, тохиролцоо хүлээсэн цаг үеийн шантаажтай нийтлэг шинж харагдаж байна.

 

Үнэндээ ҮЭ бол маш хоцрогдсон,царцанги байгууллага харагддаг. Үндсэн зорилгыг нь харахад цалин авдаг ажилчин  хүн бүрт хамаатай байгууллага гэж харвал энэ байгууллагын дүрэм журам, санхүү мөнгөний асуудал ажил хийж цалин авч буй  хүн бүрийн хамаатай асуудал болоод ирнэ. Томоор харвал ажилчдын зөрчигдсөн эрхийг хамгаалах үндэсний хэмжээний байгууллага. Явцуураад ирэх юм болхамгийн хямд өртөг хөдөлмөрөөр аль болох ихийг олж авах эрмэлзэл бүхий ажил олгогч, эздийн сонирхол , нөгөө талд өөрсдийн хөлс хүч, зүтгэлдээ тохирсон сайн хөлс авах ажилчдынхүсэл гэсэн хоёр талын зөрчил дээр хэдэн дарга нар амьдарч байдаг сүлжээ байгууллага болчихоод байна.  Монголын ҮЭ  санхүү тайлангаа яагаад нийт гишүүддээ нээлттэй тавьж, шилэн болгодоггүй юм бэ. Дүрэм журмандаа хэзээ салхи оруулсан юм бол. Татвараа төлдөг гишүүд нь яг таг мэдэж л байдаг байх. Мөнгөө сар бүр өгчихдөг ч  Монгол гүндүүгүй зангаар ийм байгууллага байдгыг таг мартсан ч явах магад

 

Хийдэг зохион байгуулдаг ажлыг нь хөндлөнгөөс харахад л тунхагийн шинжтэй. Сар улирлын төлөвлөгөөт давтамжтай. ДОХ-ын сурталчилгаа шиг жилдээ нэг циклтэй яваад байдаг ч юм шиг. Сүлд модны гэрэл шиг хэдэн өдөр гялалзаад алга болдог үйл ажиллагааг чинь ганц сар тууштай тэмцсэн Багшийн цалин нэмүүлэх түр Хорооны давалгаатай харьцуулаад хувийн бодлоо хуваалцаж байна. Нөгөө талаар энэ намрын багш нарын тэмцэл ҮЭ-ийн үйл ажиллагаанд эргэлт гаргасныг зөвшөөрөөсэй. Багшийн цалин нэмүүлэх түр Хорооныхоо багш нарыг багахан шиг баллуурдаарай гэж хүсч байна.

 

Нийтлэлч Баабар саяхан “Биднийг хэн тэжээдэг ..” талаар бичсэн байсан. Үндэсний баялаг бүтээгчид энэ нийтлэлийн өмөөрөлд  орсон. Харин энд “Биднээр ХЭН тэжээлгэдэг вэ? “ гэсэн асуултыг тавих хэрэгтэй. Тэр дундаа аливаа шударга ёсны  тэмцлийг өмчилж лидер болох зуршилтай. Хөлс хүчээ асгаруулж буй хүний мухардсан тэмцэлд ашиг харж гүйгээд очдог дэндүү хурдтай сэтгэдэг бүхэл давхарга бий болчихоод байгаа юм. Баялаг бүтээгчид, эгэл ажилчид “ Бид хэнийг тэжээдэг вэ ... гэж бэртэгчин тэмцэгчид, гэнэт баатарлаад байгаа толгойлогчдоос асуух хэрэгтэй.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
bold:
bvh tsaligaaaa nemeed mongolooooo neg moson sonooochiiiiii
2017-11-03
Багш:
Түр хороог Баасанхүү илчилсэн улс төрийн захиалгат байгууллага. ҮЭ бол нуруутай хандаж чанар нь гарч ирж байна.
2017-11-02
Багш:
Зөв л бичиж. Үхээнц байгууллага. Ганбаатар өүүр нэрмээд дор оруулчихсан. Гар хөлийнхөө хэдэн бацааныг тавьчихсан. Нөгөө хэд нь өрөөндөө архи уухаас өөр юуг ч хийхгүй. Одоо ганбаатартайгаа сандал судлаа булаацалдаад хэвлэлээр дайн хийгээстэй. Хөдөлмөрийн дээд төгссөн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, боловсролын үэ.ийн даргатай. Байгаа нь л энэ. Чадахгүй чадал нь хүрэхгүй хөөрхийс
2017-11-02
Зочин:
ҮЭХ гэж дээ босоо Гамбаа арай л гайгүй . Одоо тэр Адъяа гэж лалар ард нь хор хутгаад суухын
2017-11-02