ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна
2017-11-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм. 

 

Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг танилцуулан хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

 

Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс  "“Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн заалтыг  10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин