Ж.Галт Туслах төрийн нарийн бичгийн дарга болно
2017-11-06

 

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсад хоёр жил ажиллажээ. Түүний албан томилолтын хугацаа энэ сарын 10-нд дуусч, нутаг буцах юм байна. Харин түүний оронд Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллер дараагийн элчин сайд томилогдтол хэргийг түр хамааран ажиллах аж.

 

Элчин сайд Галт Вашингтон хотноо буцаж очин, Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч бөгөөд Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна. 

 

Элчин сайд худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих талаар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль тогтоомж батлахад нь Монгол Улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж, улмаар 2017 оны 3-р сард АНУ-Монгол Улсын Ил тод байдлын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үүдийг нээсэн юм. Элчин сайд Галт АНУ-д төвтэй Мерси Кор ТББ болон ХХААХҮЯ-тай хамтран Монгол Улсад махны экспортын салбарыг хөгжүүлэх зорилго бүхий 10 сая ам.долларын хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн тэрээр АНУ-ын ОУХА-тай хамтран Монголын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ Элчин сайдын удирдлага дор Мянганы сорилтын корпораци Улаанбаатарт нүүрлээд буй цэвэр усны хомсдлын асуудлыг шийдвэрлэж, урт хугацаандаа хотын цэвэр усны тогтвортой системийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх төсөл боловсруулжээ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин