108 дугаарт зурвас илгээн тусламж авах боломжтой болно
2017-11-10

  

 

“Хүүхдийн тусламжийн утас 108”-ийн ажлын үр дүнг өнөөдөр танилцуулж,  цаашид хийх ажлаа сонирхууллаа. Хүүхдийн тусламжийн утас 108 үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жил болжээ. Энэ хугацаанд тус утсанд 730 гаруй мянган дуудлага ирсэн байна. Үүний 45800 нь хүчирхийллийн дуудлага байсан бол энэ онд тус утсанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 157 дуудлага ирсэн аж. Үүний 122 нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Түүнчлэн ирсэн дуудлагын 80 хувийг эмэгтэй хүүхэд эзэлж байна. Тэд ихэвчлэн сургуулийн орчны дарамт, нөхөн үржихүйн сэдвээр тусламж хүсэж ханджээ.

 

“Хүүхдийн тусламжийн утас 108”-д нэг бус удаа дуудлага ирүүлсэн хүүхдийн эцэг, эхийг  хянадаг

 

Тус утсанд холбогдсон хүүхдийн хоолойг ажилтнууд сонсоод хүчирхийлэлд өртсөн, сэтгэлийн дарамтад орсон эсэхийг шууд мэддэг гэнэ. Хүүхэд нэг бус удаа залгавал тухайн дугаарыг онцгойлон тэмдэглэж, хэн болох, хаана амьдардаг зэргийг нь тогтоож, хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж, эцэг, эхийг хянадаг аж.

 

Харин ирэх жил  “Хүүхдийн тусламжийн утас 108” технологийн шинэчлэл хийж, зурвас илгээн, тусламж хүсэх боломжтой болох аж. Тухайлбал, хүчирхийлэлд өртөн тусламж авахыг хүсдэг ч гэр бүлийнхнийхээ дэргэд холбогдож чаддаггүй хүүхдүүд 108 дугаар руу зурвас бичиж, тусламж хүсэх боломжтой болох гэнэ.

 

230 хүүхдийг хамгаалах байранд авсан

 

Үйл ажиллагааны үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Л.Алтансүх “Хуучин 108 утас маань зөвхөн дуудлага авч, холбон зуучилдаг байсан. Одоо бид яаралтай тусламжийн үйлчилгээ, хамгаалах байртай болсон. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх зөрчигдөхөд яаралтай тусламжийн машин хүүхдийг очиж аваад, хамгаалах байранд байрлуулах боломжтой болж байна гэсэн үг. Өнгөрсөн хоёрдугаар сараас “Түр хамгаалах байр”-ыг туршилтаар  ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд эрсдэлт нөхцөлд орсон 230 гаруй хүүхдийг хамгаалах байрандаа авч, эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэн, гэр бүлд нь эргэн нэгтгэх, эсвэл асрамж халамжийн газарт хүргэх үйлчилгээг үзүүлсэн” гэлээ.

 

Хүүхдийн хүчирхийллийн эрсэг дуудлага 1.5 дахин нэмэгдсэн

 

“Хүүхдийн тусламжийн утас 108” төвийн захирал Д. Ундраа “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Хүүхдийн тусламжийн утас 108” дугаарт нийт 730 мянга гаруй дуудлага ирсний 450 мянга гаруй нь зорилтот дуудлага байсан. Үүнээс хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага 45800 орчим ирсэн байна.  Ялангуяа 2017 онд хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар дуудлага өмнөх оныхоос 1.5 дахин нэмэгдсэн байна. 2017 он гарсаар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 157 ирсний 122-ыг цагдаагийн байгуулагад холбож өгсөн. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн тухайд хамтарсан багийн дүнэлт гарч, шат шатны арга хэмжээ, үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллаж байна” гэсэн юм.

 

“Хүүхдийн тусламжийн утас 108” нь хүүхдийн асуудалтай холбоотой дуудлагыг 24 цагийн турш үнэ төлбөргүй хүлээн авч үйлчилдэг. Мөн нэг ээлжинд гурван сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгдөг юм байна.

 

 Р.Ренчиндулам

 

Shuud.mn
Сонин хачин