Агаарын чанар стандартаас 1.7-1.9 дахин даваад байна
2017-11-11

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.10) үдээс хойших хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн тавьсан асуулгын хариуг сонсов. “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”-х мэдээллийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

 

 

 

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа юм байна. Сүүлийн долоо хоног буюу аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 05-ны мэдээгээр агаарын чанарын стандартаас 1.7-1.9 дахин давсан үзүүлэлт гарчээ. Монгол Улсын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмжийг үндэслэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдаар ахлуулан шинэчлэн байгуулж, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, гишүүдэд Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, нийслэлийн Засаг дарга, бүх дэд сайд, холбогдох агентлагийн дарга нар, “Утааны эсрэг аав, ээжүүд”, “Бяцхан агаар”, “Шинэ ногоон бүс”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан ажиллуулж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэв.   

 

2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого, төлөвлөлт, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангаж уялдуулан зохицуулах, дэмжлэг, урамшууллын механизмыг бий болгох ажлыг чиг үүргийнхээ хүрээнд түлхүү хэрэгжүүлж иржээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвд ордог бөгөөд 2015 онд уг хуульд өөрчлөлт орж эдгээр татварыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг бий болгох үүднээс “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Үргэлжүүлэн Н.Цэрэнбат сайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газар, нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх, нийслэлийн зургаан дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулах, холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, үйлдвэрлэл, хэрэглээнд байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох, дулааны насос, уян цахилгаан халаагч зэрэг 15 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтад тусгах гэх мэт олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна.

 

Агаарын бохирдлын асуудал нь жилээс жилд хуримтлагдаж хүндэрсэн, ганц нэг шийдлээр шууд буурахгүй, байгаль орчин-нийгэм-эдийн засгийн нийлмэл асуудал болсныг салбарын сайд тэмдэглээд иргэдийг ажилтай, орлоготой болгох, төвлөрлийг сааруулахаас эхлээд орон сууцжуулах, түүхий нүүрсний хэрэглээг халж цахилгаанаар, хийгээр халаалтаа шийдэх, боловсруулсан түлшээр хангах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг олон талын цогц арга хэмжээ авах шаардлага бий гэдгийг дурдав. Төгсгөлд нь тэрбээр, салбар хоорондын уялдааг сайжруулан Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөгөөнд туссан ажлыг цаг тухайд нь хэрэгжүүлэхийн тулд холбогдох төсвийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, дэд бүтцийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх чиглэлээр хандивлагчид, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэв.

Shuud.mn
Сонин хачин
баагий:
Агаарын чанарын мэдээг ТУСГАЙ БАГАЖ хэмжээд гаргасныг УИХ-д мэдээлэх гэж бүхэл бүтэн бодлогын яам, сайд байгаа юм биш. Харин АГААР ОРЧИН БОХИРДУУЛАГЧ эх үүсвэрүүдийг БУУРУУЛАХ АЖИЛ ХИР ЗЭРЭГ ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ? гэдэг асуудал чухал байна.
2017-11-11
баагий:
Энэ сайд агаарын чанар гэж солиороод байх юм. Юу агаарыг БОХИРДУУЛААД байгааг олж тогтоогоод түүнийг ҮҮСГЭЖ БУЙ ШАЛТГААН-НӨХЦӨЛ-ийг арилгадаг ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛҮҮД, НИЙГЭМИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ утаагүй орчин руу чиглүүлэн удирдах арга хэмжээг хэрэгжүүлэх СТАРЕТЕГИ-ТӨЛӨВЛӨГӨӨ хийгээд хэрэгжүүлээч. ЧАДАХГҮЙ ДЭЭ.....
2017-11-11
Зочин:
Чанар нь сайжирсан агаараа Хятад руу савлаад гаргацгаая аа
2017-11-11
Зочин:
Эрхэм сайд аа, агаарын чанар стандартаас 1,7-1,9 дахин даваад байгаа юм бол их сайн агаараар амьсгалж байгаа юм шив дээ.
2017-11-11
Erunhii said Hurelsuhed:
Zia olon jil agaariin chanariin medeeg hulhidaj zogsoogooroi!!!!!!! Dundajaar ni ted gedeg zuil baihgui shuu!!!!!!! Beejin agaariin indeksiin medee 1500 davahad shuud hyazgaarlalt hiij baina. odoo hulhiduulmaargui baina shuu !!!!!!!! manaid 2000 davSan tohioldol bio!!!!
2017-11-11