Гурван монгол хүний нэг нь сүрьеэгийн халдвар авчээ
2017-11-13

 

Манайд жил бүр 4,000 гаруй хүн сүрьеэтэй гэж шинээр оношлогддог бөгөөд арван хувийг нь хүүхэд багачууд эзэлж байна. Гэвч энэ тоог мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь гэж үздэг ажээ. Түүнчлэн манай улсад сүрьеэгээр жилдээ 260 хүн нас барж байна. Нөгөө талаас, ард иргэдэд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас сүрьеэ өвчнийг эрт илрүүлж оношлох үйл явц их удаашралтай явагдаж байгаа тул нянгийн тархалт улам хурдацтай газар авч, гүнзгийрэх гол шалтгааны нэг болж байна. Нэгэнт асуудал хурцадсан учраас сүрьеэ өвчнийг эрт оношилж, цаг алдалгүй эмчлэхийн тулд сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг шинж тэмдгийг бүх нийтээр мэддэг болох нь манайд тулгамдсан асуудал болж хувираад байна. Сүрьеэ өвчний үйл явц нь бусад цочмог халдварт өвчнийг бодвол илүү удаан хугацаанд, нууц байдалд аажмаар лавширч хүндэрдэг бөгөөд эхэн үедээ хаая хааяа л үгдэрдэг учраас хүмүүс өвчнөө үл хайхрах юмуу яваандаа өөрөө эдгэрнэ гэсэн найдлага тээсээр өвчнөө улам хүндрүүлэх гол шалтгаан болж байгаа ажээ.   

 

Юуны өмнө, сүрьеэ өвчин нь дотроо халдвартай, халдвартай гэсэн 2 янз байдаг бөгөөд эдгээр нь илрэх шинж тэмдгийн хувьд яг адилхан боловч уушгины халдвартай сүрьеэ нь ханиалгах замаар агаар дуслын замаар дамжиж тархдаг ажээ. Сүрьеэгийн нийт өвчлөлийн дунджаар 40 хувь нь халдваргүй сүрьеэ өвчнөөр, 60 хувь нь уушгины буюу халдвартай сүрьеэ өвчнөөр өвчилдөг байна.

 

Сүрьеэгийн савханцар нян нь тухайн хүний биеийн хамгийн сул дорой ямар ч эрхтнийг барьж өвчлүүлдэг тул ясны сүрьеэ, арьсны сүрьеэ, нүдний сүрьеэ, өвдөгний сүрьеэ, бөөрний сүрьеэ, гар сарвууны сүрьеэ гэх мэтээр дотроо маш олон янз байдаг боловч эдгээр нь уушгины сүрьеэ шиг нянгийн халдвар агаарт цацдаггүй учраас халдваргүй сүрьеэ өвчний хэлбэрүүд болдог. Харин уушгины сүрьеэгийн нян нь агаар дуслын замаар асар хурдацтай тархдаг тул нийгэмд маш аюултай өвчинд тооцсоор иржээ. Уушгины сүрьеэтэй хүн нэг удаа ханиалгахад 500 жижиг дусал агаарт цацагддаг байна. Тиймээс наад зах нь ханиадтай хүмүүс хүртэл амны хаалт зүүж хэвших, ядахнаа амны алчуур, ханцуй, тохойгоороо хааж ханиалгадаг болж хэвшвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн үндсэн нөхцөл болж өгнө.

 

Хэрвээ 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, цээжээр хөндүүрлэх, шөнөдөө жихүүдэс хүрч хөлрөх, үе үе халуурах, хоолондоо дургүй болж турж эцэх шинж тэмдгүүд танд илэрвэл яаралтай сүрьеэгийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Харин халдваргүй сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг гол шинж нь хааяа шөнө хөлөрч жихүүдэс хүрэх, халуурах, хоолондоо дургүй болж ихээр турж эцдэг бөгөөд ясны сүрьеэгээр өвчилсөн бол аль нэг юмуу хэд хэдэн булчирхай нь дотроо буглаж идээлэх ба яваандаа нуруу, түнх зэрэг яснууд нь идээлж эхэлдэг байна.

 

Сүрьеэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь нойр муутай ядартлаа хэт их ачаалалтай ажиллах, хоол унд муутай явах, хүйтэн чийгтэй байранд ажиллаж амьдрах зэргээс болдог. Тухайлбал, нарны гэрэлд 1 цагийн дотор сүрьеэгийн нян устдаг, агааржуулагч салхивч сайтай өрөөнөөс агаарын солилцоогоор сүрьеэгийн нян хурдан хөөгдөж гардаг тул ард иргэд эрүүл зөв орчинд ажиллаж амьдрах нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал алхам болох юм. Хэрвээ таны ажлын байр нар үздэггүй, чийгтэй подвалд байрладаг бол та өдөртөө үе үе гадаалж, нар салхинд гарч байх хэрэгтэй. Хэдийгээр сүрьеэ нь амьдралын нөхцөл доройтсноос болж үүсдэг өвчин ч гэсэн сүүлийн үед компьютер тоглоомын газар зэрэг нар үздэггүй, харанхуй байранд олон цагаар компьютерийн ард сууснаас болж өвчлөх тохиолдол гарч байна. Мөн манайд тамхи татдаг хүмүүсийн дунд уушгины сүрьеэ өвчний өвчлөл өндөр гарчээ.

 

Ерөнхийдөө амьдралын нөхцөл буураад, доройтоод ирэхлээр хүмүүс сүрьеэ өвчнөөр өвчлөх нь эрс ихэсдэг тул нийгмийн өвчин гэж үздэг. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэл, архидалт, агаарын бохирдол, стресс зэрэг нь сүрьеэ өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болж байна.

 

 

М. Болормаа

 

         

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongolchuudiin uusan aygaa damjuuldag ih muuhai, hamgiin ayultai,,,,
2017-11-13
монгол:
Сүрьеэгээр өвчилж буй хүмүүсийн 70 нь амьжиргааны түвшин доогуур иргэд байна гэсэн судалгаа гарсан байдаг.
2017-11-13
Иргэн:
Энд нэг тохиолдолыг дудаагүй байна. Монголчууд эртнээс өөринй аягатай байдаг заншил алга болж айраг цагаан идээ архийг нэг аяга ламжуулан хэрэглэж ялангуяа айрагны аягыг угаадаггүй уудаг мөн архийг нэг аягаар дамжуулан уудаг нь энэ өвчин тархах гол эх үүсвэр болж байна
2017-11-13