Их хурлаараа МАН зөрчилдөөндөө цэг тавих уу?
2017-11-13

 

Хүйтний эрч өдөр ирэх тусам чангарч байгаа ч эрх баригч хүчнийхэн ид халуурхалтай явна. Энэ сарын 20-22-нд болон МАН-ын их хурал болно. Их хурлын  төлөөлөгчдийн бүртгэл дууссан байна. МАН-ын XXVIII их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох болжээ.

 

Харин эдүгээ удахгүй болох их хурлын өмнө их бужигнаан МАН-д үргэлжилж байна.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтын бялууг хүртэх гишүүдийн цуваа өнөө ч дуусаагүй байгаа. Тиймээс л ялалтын баярын бялууг хүртэх ажиллагаа хагарал, бутралаар үргэлжилж, үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээн, байгуулсан Засгаа огцруулсан.  Өнөөдөр их хуралдаа  бэлтгэсэн эрх баригчид  бүлэг, фракцаараа нам эвсэж, сэм хуйвалдан бужигналдаж байна.

 

МАН их хурлаараа дараагийн удирдагчаа сонгоно.  Эрх баригч хүчний дараагийн удирдагч хэн бэ гэдэг улстөрчдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа.  Шинэ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийг МАН-ын дараагийн даргад эртнээс цоллосон.  Удирдах зөвлөлийн хүрээн дэх эхний улс төрийн тохироогоор У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд болон намын даргын албан тушаалыг давхар хашуулахаар хэлэлцсэн юм билээ. Гэхдээ аман тохироо тамга гардах хүртэл шулуун замаар явахгүй,  муруйх, гажих, хатгах гээд тал талын олон асуудал өрнөнө.

 

МАН-ын шинэ даргын нэрийг Удирдах зөвлөл  их хуралдаа оруулж ирнэ. Нэг эрхмийн нэрийг оруулах уу, хэд хэдэн нэрс оруулах уу гэдэг нь Удирдах зөвлөлийн шийдэх асуудал. Уг нь Удирдах зөвлөл нэг эрхмийн нэрийг оруулж, заалнаас нэр дэвших эрх нь нээлттэй байсан. Гэхдээ Ерөнхий сайдын нэрийг оруулж хэлэлцэх үед Удирдах зөвлөл нэг биш У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гэсэн гурван эрхмийн нэрийг оруулсан. Энэ нь МАН дахь фракц, бүлэглэлийн төлөөлөл байлаа. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дангаар оруулах нь уу, эсвээс өмнө бүлэг фракцуудын төлөөллийг дагалдуулах нь уу гэдэг Удирдах зөвлөлийн хүрээнд явагдах биз.

 

Намын даргад У.Хүрэлсүхээс гадна Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын нэр явж байгаа.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг хотын фракц буюу одоогийн МАН-ын дарга М.Энхболдын зүгээс нэр дэвшүүлэх магадлалтай. Нөгөөтэйгүүр М.Энхболдыг МАН-ын даргаар нэрийг нь дахин дэвшүүлэхийг санал болгосон гэх бор шувуу нисч байна лээ.  МАН-ын даргаар нэр дэвшүүлэх саналыг хүлээж авах нь юу л бол. 

 

МАН-ын даргаар хоёр удаа сонгогдож, сөрөг хүчин МАН-ыг өнөөдрийн  парламент дахь үнэмлэхүй олонхи болгосон ялалт түүнд хаяглагдах ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал намын даргын албан тушаалаа өгөхөд хүргээд байгаа. Ер нь ялсан ч, ялагдсан ч МАН-ын даргын албан тушаалаа шилжүүлэх улс  төрийн шийдэл хүлээж байсан биз.  Өнөөдрийн тухайд МАН-ын даргын албан тушаалаа өгсөн ч УИХ-ын даргын байр суурин дээрээ бат зогсох шийдэл  түүнд байгаа.

 

Цаашлаад МАН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг  заалнаас нэр дэвшүүлэх, тус намын гишүүн Н.Дэмбэрэл өөрийн нэрийг дэвшүүлэхээ зарлаад байгаа ч их хурлын төлөөлөгчдийн дэмжлэгийг авах хувилбар биш гэж үзэж байна лээ, ажиглагчид. 

 

 Ер нь нэг намыг үнэмлэхүй олонх болгоод  төр, засаг тогтворжиж,  эдийн засаг сэргэн, иргэдийн амьдрал дээшилнэ гэсэн ойлголт  ард хоцорсныг  сонгогчид бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биеэрээ мэдэрлээ.  

 

Өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга батыг барьж ажиллана гэж байгаа ч өрийн тааз өмнөх парламентын үеийнхээс нэмэгдсэн.  Төсвийн орлого нэмэгдсэн  хэдий ч иргэдийн амжиргаа улам хүндэрсээр байгааг  цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын хугацаагүй ажил хаялт гэрчилнэ.

 

Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор хэлэлцэн баталдаг.  Өнгөрсөн баасан гаригт парламент 2018 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд өндөрлөсөн. Одоо  дөрөвдүгээр хэлэлцүүлэг алх тогших төдийг батлагдана. Гэвч багш нарын хугацаагүй ажил хаялтын зар  2018 оны төсвийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг түр хойшлуулахад хүргэсэн бололтой. Гэхдээ тусгай дэгээр явагддаг төсвийн хууль хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэн бол нэмэлт, өөрчлөлт ороод байдаггүй. 

 

Энэчлэн намрын адаг сарын сүүлчээр өвлийг угтахтай зэрэгцсэн өч төчнөөн байгаа ч эрх баригчид дотоод асуудлаасаа хальж чадаагүй л байна.

 

Харин энэ их хурлаар  МАН-ыг хэн удирдахаас шалтгаалж дотоод зөрчилдөөнд цэг тавих эсэх нь шийдэгдэнэ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарчихлаа гэж хартал тамын тогооны үлгэр үргэлжилсээр л байх шив. Энэ хүмүүсийн ажлаа хийж, ахиц гаргахыг харах юмсан
2017-11-13