Хойд Солонгосоос оргох үедээ буудуулсан цэрэг өмнөдөд иржээ
2017-11-14

Бууны шархтай Хойд Солонгосын нэгэн цэргийн албан хаагч өчигдөр орон нутгийн цагаар 3.25 цагийн орчимд хоёр Солонгосын цэрэггүй бүсийг нэвтэрч, Өмнөд Солонгост ирсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын цэрэг цэрэггүй бүсээр хил нэвтрэх гэж байхдаа өөрийн улсын цэргүүдэд буудуулсан байна.

 

“Буудуулсан цэргийн албан хаагчдад Өмнөд Солонгосын цэргийн албаныхан яаралтай эмчилгээ хийж, цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” хэмээн Сөүлээс мэдээллээ.

 

Гэхдээ уг цэргийг аль эмнэлэгт эмчилж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал болон хувийн мэдээллийнх нь талаар нийтэд задруулахыг хатуу хоригложээ.

 

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штаб “Буудуулсан шархтай Хойд Солонгосын цэргийн албан хаагч цэрэггүй бүсэд нэвтэрч, улмаар биднийг чиглэн ирсэн. Бид үүргийнхээ дагуу түүнийг барьж, бааздаа авчирсан. Түүний биеийн байдал хүнд байсан учир яаралтай эмчилгээ хийсэн болно” хэмээн мэдээлэв.

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Хойд Солонгос гэнэтийн дайралт хийж магадгүй хэмээн Сөүл үзэж, хил орчмынхоо хяналтыг сайжруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин