Цасан нурангиас урьдчилан сэргийлэх анхан шатны сургалт болно
2017-11-15

 

Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө сонирхлоороо нэгдсэн уулчид осолдож Монгол улсад нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Хэлж ирдэггүй байгалийн сүрт хүчин зүйлс тэднийг минь аван одсон. Цасан нуранги үүссэн нь уг ослын хамгийн том шалтгаан болж байсан юм. Тэгвэл цасан нуранги гэж юу вэ?

 

Энэ асуултанд хариулт өгөхөөр АНУ-ын иргэн Билл Глүүд сургалт зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд фэйсбүүк, твиттэр зэрэг нийгмийн сүлжээнүүдэд хүсэл сонирхлоороо нэгдэн нийлж грүпп үүсгэн, ууланд авирах, алхах, шүхрээр буух зэрэг экстрем хоббинууд олны дунд их байгаа. Гэхдээ эрсдэл, айдас, айх ёстой зүйлээ мэддэг нь хэд бол?

 

Тэгвэл цасны нурангийн шинжээч, зааварлагч “Alaska Avalanche Specialists” компаний үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн юм. Тэрбээр 35 жилийн турш цасны нуранги болон түүнтэй холбоотой ажил эрхэлж байсан асар их туршлагатай нэгэн ажээ. Тэрбээр ААА зэрэглэлийн буюу олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн цасан нурангийн зааварлагч юм байна. Уг зэрэглэл нь тухайн чиглэлээр хамгийн багадаа 10 жил ажилласан, багшилсан туршлагыг харгалзан олгодог зэрэг гэнэ.

 

Мөн түүний үүсгэн байгуулсан “Alaska Avalanche Specialists” компани нь Аляскад цасан нурангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том компани гэнэ. Уг компаний мэргэжилтнүүд хамгийн багадаа уг чиглэлээр 10 жил ажилласан салбарынхаа шилдгүүд байдаг ажээ.

 

Уг сургалт нь 11 сарын 25-ны бямба гаригт “эргэн дурсахуй” клубт болох юм. Ерөнхий зохион байгуулагчээр Монголын Уулчдын Үндэсний Холбоо ажиллаж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин