АИХ-ын депутатууд, хуульчид, иргэд төрийн хүндэтгэлийн гэрт уулзав
2012-01-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулж төрийн хүндэтгэлийн гэрт өнөөдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа. “Үндсэн хууль-хүний эрх” сэдэвт энэхүү уулзалт-ярилцлагад Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд, хуульчид, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалт-ярилцлагыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа нээж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, орлогч дарга асан Д.Моонлой, Л.Дашням, Ц.Адьяасүрэн, АИХ-ын депутат асан Ж.Бямбадорж, Л.Пүрэвдорж, Д.Ламжав, Д.Чойжамц нар, мөн зохиолч Д.Урианхай, доктор,профессор Н.Лүндэндорж, ЭМШУИС-ийн хүндэт профессор С.Даваахүү, Орхон аймгийн харьяат иргэн Ц.Мөнх-Эрдэнэ гэхчлэн олон хүн үг хэллээ. Ж. Гомбожав хэлэхдээ Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлэг их чамбай болсон бөгөөд олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн үзэл санаанд нийцэж байгаа хэмээн тэмдэглэлээ. Тэрээр Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэснийг цаашид анхаармаар цохон дурьдаад тухайлбал, төр нийслэлийнхээ утааг арилгамаар байна гэв. Гэр хорооллыг байраар бүрэн хангах нь цаг хугацаа, хөрөнгө их шаардах тул цэвэр бохир ус, халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсон амины орон сууц барих, үүний дэд бүтцийг хотоос сонгогдсон 20 гишүүний мэдлийн 60 тэрбумаар бий болгох, улстөрчид, дарга нар гэр тараадгийг зогсоох, Улаанбаатарт шилжин ирэх хөдөлгөөнд 3-5 жилээр хориг тавих, нийслэлд оршин суугчдаас татвар авах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж тэр ярилаа. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс социалист орнуудаас хамгийн түрүүнд ардчилсан Үндсэн хууль баталсан орон гэж би бахархдаг. Хүний эрх, эрх чөлөөний хувьд багагүй ахиц дэвшил гаргасан. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л цаазын ялыг халах нэмэлт II протоколд нэгдлээ. Харин Үндсэн хуулийн хэрэгжилт, төсөвт хөндлөнгийн хяналт хийлгэмээр байна. Төсөв жил жилээр нэмэгдэж буй ч хүндээ тусахгүй байна” гэлээ. “Үндсэн хууль бол ард түмнийг төр засгаас хамгаалсан хууль. Тиймээс хуульчилсан ч эдлүүлэхгүй байгаа эрхийг төрөөс нэхэж байх хэрэгтэй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх ёстой. Монголчууд эцэг, эхээ, багшаа, номоо гээд эрхэм бүхнээ дээдэлдэг. Үндсэн хууль бол ийм эрхэм зүйлийг нэг. Үндсэн хуулиа дээдэлж, мэдэж, сахин биелүүлэх хэрэгтэй байна” гэж Д.Моонлой хэлэв. -Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийг хүн бүр авч явдаг, мэддэг баймаар байна. Ардчилсан Үндсэн хууль хүний эрхийн нийтлэг бүх эрхийг тусгаснаараа үнэ цэнэтэй юм. Энэ хуульд зөвхөн эрх төдийгүй үүрэг ч тусгагдсан. Хүн бүр Үндсэн хуульд сайн, муу гэж үнэлгээ өгөх эрхтэй. Гэхдээ эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлдэг байх нь чухал гэж Л.Дашням анхаарууллаа. -Үндсэн хуульд тэр үед залуухан депутат Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах санааг оруулахаар хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй. Тэр залуу депутат 20 жилийн дараа Ерөнхийлөгч болж байж энэ саналаа ажил хэрэг болголоо. Ер нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд сэтгэлгээний хувьд нийгмээсээ түрүүлсэн олон хүн байсан юм. Мэдээлэл тараах эрхийн асуудлыг хүртэл тавьж байсан хүн бий гэж Л.Пүрэвдорж хэлэв. Гандантэгчинлэн хийлийн хамба лам Д.Чойжамц “Үндсэн хуулийг батлалцахад ганц лам байсан нь би. Энэ нь ч бас өөрчлөлт шинэчлэлийн үр дүн. Явцын дунд бас бодмоор зүйлүүд байдаг л юм байна. Эрх чөлөөтэй оронд очиход эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ гэж бодогдох үе ч байдаг. Эрх чөлөөний тухай их яривч гэр бүлдээ аз жаргалгүй байх нь бий. Энэтхэгт уламжлал, ёс заншлаа дээдэлдэг. Түүнээсээ ч аз жаргалыг эдэлдэг. Харин манайд үүнийг орхигдуулжээ. Энэ бол бидэнд дутагдаж буй зүйл. Уг нь Үндсэн хуулиа уламжлал, ёс заншилтайгаа хослуулбал сайхан болох ёстой. Хүний эрх, эрх чөлөөг түүхэн уламжлалтайгаа холбож тавьж байх хэрэгтэй. Үндсэн хууль уг нь бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг хослуулсан сайхан хууль” хэмээлээ. -Төрийн албыг бусдыг дарангуйлах эрх олж авч буй мэтээр ойлгох болжээ. Залуучууд ч тэгж ойлгон түүн рүү хошуурч байна. Сэтгүүлчдийг үнэн юм бичсний төлөө шоронд хийж байна. Хуулийн өмнө тэгш эрхтэй байх маань хаа байна. Үндсэн хууль сайн болсон. Хэрэгжүүлэх дээрээ алдаж байна. Үндсэн хуулиа бид судлахгүй байна, мэдэхгүй байна. Тиймээс сургуульд Үндсэн хууль судлал гэж хичээл үздэг болмоор байна. Зөвхөн ойгоор л ярьдаг байх нь хангалтгүй гэж Ц.Адьяасүрэн ярив. Үндсэн хуулийн хэрэгжилтийг зүйл заалт бүрээр нь судалж, олон эрдэмтдийг хамруулан эрдэм шинжилгээний хурал хийх, УИХ-ын гишүүдийг ийм арга хэмжээнд оролцуулах, хуулийн нэр томьёог зөв хэрэглэж сурах, аливаа санааг хуульд бүрэн гүйцэт тусгаж байх, заавал гадаадын гэлгүй түүхэн хуулиа эргэн харж алс хэтийг бодолцсон үнэт зүйлсийг нь уламжлуулан тусгах гэхчлэн санаа авмаар, бодууштай  олон зүйлийг хүмүүс хэлж байлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хааж үг хэлэхдээ “Гэр сэрүүн байсан ч халуун яриа өрнөлөө. Та бүхний санал зөвлөмжийг Ерөнхийлөгчид танилцуулах болно. Ардчилсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг эрдэмтдээр судлуулах хэрэгтэй юм байна. Та бүхэнд ийнхүү хүрэлцэн ирж үнэтэй саналаа илэрхийлсэнд баярлалаа” гэв.
Shuud.mn
Сонин хачин