Э.Одбаяр: Төв коридорыг даган жилд 282 сая ам.долларын ашиг орж ирнэ
2017-11-16

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ) Япон Улсын Гадаад худалдааны байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран Монголын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх болон эдийн засгийн коридоруудын үр ашигт судалгаа хийжээ. Судалгааны талаар ДГХБООУСТ -ийн захирал Э.Одбаяраас тодрууллаа. Монгол Улс далайд гарцгүй 32 орны нэг. Тус байгууллага нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж, бодлогын зөвлөмж өгдөг байгууллага юм.

 

-Далайд гарцгүй манай улс эдийн засгийн коридорыг хэрхэн хөгжүүлэх нь бидэнд ашигтай вэ?

 

-Судалгаагаар маш тодорхой хариу гарсан. Хамгийн ашигтай нь төв коридорыг хөгжүүлэх. Газарзүйн тооцооллыг ашиглан гаргасан уг судалгаа нь дэд бүтцийн хөгжлийг эхлүүлэхээсээ өмнө хэр ашигтай байх, хоёрдугаарт, аль салбарт илүү ашигтай байх зэрэг нарийвчилсан тооцооллыг гаргасан. Тооцооллыг гаргахаар Японы Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран жилийн хугацаанд ажиллаа. Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхээр хоёр том хөрштэйгөө ярилцаж буй үед энэ чиглэлийн судалгааг хийж, шийдвэр гаргагчдын гарт бариулж байгаа нь чухал ач холбогдолтой зүйл. Энэ ажил өмнө нь эдийн засгийн тодорхой тооцоололгүй явж байсан.

 

-Төв коридорыг хөгжүүлэх нь бусдаасаа юугаараа ялгаатай вэ. Мөн тэндээс жилд хэр хэмжээний ашиг олох боломжтой вэ?

 

-Эдийн засгийн үзүүлэлтээр төв коридор нь хамгийн ашигтай байна.  Баруун, зүүн коридорт ямар ч дэд бүтэц байхгүй. Тиймээс энэ бүхнийг шинээр барих шаардлага гарна. Төв кордорт Замүүн-Үүд-Сүхбаатарын дунд зам тавьсан байдаг. Тиймээс бэлэн байгаа зүйл дээр тулгуурлан коридорыг хөгжүүлэх нь илүү ашигтай. Нөгөө хоёр коридортын хувьд тэднийг хөгжүүлэхэд илүү зардал шаардагдана.  Энэ чиглэлд жилд 282 сая ам.долларын ашиг Монгол Улсад татагдана.

 

-Энэ чиглэлд үйлчилгээний салбар нь хөдөө аж ахуйгаас илүү ашигтай байна гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

 

-Төв коридорыг даган манай улсад жилд орж ирэх 282 сая ам.долларыг дотор нь задалж үзсэн. Ингэхэд үйлчилгээний салбараас хамгийн их мөнгө орж ирж байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбар орж байна.

 

-Судалгаагаар хэдэн оноос үр ашгаа өгч эхлэх вэ?

 

-Аливаа судалгааг хийхдээ өгөгдлүүдийг урьдчилан тохирдог. Үүний дагуу Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжээд эхэлсэн байна, хоёрдугаарт, төв коридор нь 100 хувь баригдаад, автозамтай болсон байна гэж тооцож байгаа. Энэ хугацааг 2030 он гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, төв коридорын үйл ажиллагаа 2030 оноос эхлэн ашгаа өгч эхэлнэ.   

 

Р.Дулам

 
Shuud.mn
Сонин хачин
irgen:
ХООСОН ЯРИДАГ МОНГОЛОО ГЭЖ
2017-11-16
irgen:
ХООСОН ЯРИДАГ МОНГОЛОО ГЭЖ
2017-11-16
zochin:
ulger
2017-11-16
Зочин:
А где этот коридор то? Аан тупой кумысный шулерман.
2017-11-16